3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг шийдвэрлэх мөчид хожигдов

2021-08-03 1542 0

3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Унгарын Дебрецен хотод олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд оролцлоо.

Олимпын сүүлийн ганц эрх олгох тус тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг хэсгээсээ нэг хожил, нэг хожигдолтой хасагдах шатанд шалгарсан.

Тэд хагас шигшээ шатны эрхийн төлөө Украины залуустай хүч үзэж, 19-17 гэсэн харьцаатай ялалт байгуулав. Тоглолтын тухайд Монголын шигшээ баг эхнээсээ онооны давамгай байдлыг үүсгэж, тэргүүллээ хадгалсаар хожсон. Ийнхүү Украиныг буулган авсан Монголын баг хагас шигшээд Бельгийн хүчтэй багтай учраа таарав. Бельгийн багийн хувьд хэсгийн шатандаа энэ тэмцээний чансааг тэргүүлэгч хүчирхэгч Словенийн багийг буулган аваад байсан юм.

Тоглолтын эхлэлийг Бельгийн шигшээ баг сайн тавьж, 6-0 гэсэн онооны зөрүүг үүсгэсэн ч тоглолтын төгсгөлд онооны харьцаа 12-12 болж тэнцсэн. Тоглолтын эцсийн шүгэл дуугарахаас 30 секундын өмнө Г.Цэнгүүнбаяр алсын зайн шидэлтээ амжилттай болгон Монголын шигшээ илүү гарсан ч Бельгийн шигшээ баг хариу хожлын шидэлт гүйцэтгэн 16-15 гэсэн харьцаатай ялалт байгуулав. Улмаар Бельгийн баг шигшээ шатанд талбайн эзэн Унгарыг хожин түрүүлж, олимпийн сүүлийн ганц эрхийг авсан юм. Харин эмэгтэй ганц эрхийг Италийн шигшээ баг хүртэв.

Холбоотой мэдээ