
Лос-Анжелес хотын хоёр баг тун эвгүй байдалд оров. Аргагүй л цаг өөр болж, ЛеБрон ч нас нь явж байгаа нь мэдэгдэж байна. Юта Жазз, Финикс Санс ингэж галзуурна гэж хэн тооцохов.
Шидэт К.Пол Д.Букер зэрэг Нарнуудын залууст багийн тоглолт гэж юу болохыг зааж байна. Харин Нуурынхан Э.Дэвисийг гэмтэлд алдаад маргааш бүх сумаа тавихаар зэхэж байна.
Харин Клипперсийн хараал үргэлжилсээр байгаа бололтой. Пол Жорж, К.Леонард 2 ирээд ч сэхэл авахгүй шинжтэй юм. Тэднийг мунгинаж байх зуур М.Кубаны Лука хүү тэргүүтэй залуус хажуугаар нь сүнгэнэх шинжтэй. Энэ удаа ялагдвал Клипперс ахиад задрах биз ээ. Денверчүүд эрхбиш Портлэндийг аргалах нь тодорхой. Харин Финикст бут цохиулж мэдэх шинжтэй. Йокич хэдийгээр сайн тоглож байгаа ч эхнээсээ илт илүүрхэж чаддаггүй дутагдал Денверт хэвээр. Зууралдсаар байгаад л хожигддог гэмээ засвал ч Наггетс найдвартай аварга.
Ютагийн Жазз хөгжимчид харин ялалтын марш татуулсаар залуу насны эрчийг гайхуулсаар явна. Д.Митчелл, Р.Гоберт, Б.Богданович, М.Конли гээд л бүгд үүргээ яв цав биелүүлж байна. Лейкерст гологдсон Ж.Кларксон хүртэл гайхалтай тоглолт үзүүллээ. Тэднийг Зэрлэг Өрнөдийн финалд зогсож байхад гайхах юм огтоос алга. Ютагийн залуус хамгийн түрүүн дараагийн шатанд шалгарлаа. Агуу Ж.Стоктон, К.Мэлоуны үе ирээ юү гэлтэй. Гэхдээ тэр үед Мормоны хууль чанга байсан учраас Цагаан тоглогч ихтэй байж билээ.
Дорнод бүсэд болдог юм болдогоор болж байна. Филли одоо л ид бяраа гайхуулах цаг нь. Гэвч Ж.Эмбид гэмтэж багт том гарз учрав. Хэдийгээр дараагийн шатанд шалгарсан ч Эмбидгүй урагшлах тун хүнд даваа. Түүнийг гайгүй байх болтугай хэмээн фанатууд нь залбирч буй биз ээ. Хэрэв тоглохгүй бол Атланта – 76 хоёр хүчний харьцаа тэнцэнэ. Атлантагийн Т.Янг тэргүүтэй залуус тун хүчирхэг байгаа билээ.
Харин эсрэг талд хоёр супер баг халз тулгарахаар болов. Оддын цуглуулга Нетсчүүд, Грек Мангасын багтай яаж тоглох нь тун сонирхолтой. Бруклинд бараг супер тавт байгаа мэт боловч, Бугануудад Б.Лопес гэдэг бас нэгэн мангас бий. Мөн сэлгээнээс сайн тоглох залуус хангаллтай байна. Энэ хоёр багийн тоглолт бараг Зүүн бүсийн финал шахуу өрсөлдөөнтэй явагдахаар байдал харагдаж байна. Хоёр багийн ширүүн өрсөлдөөн Ням гgрагт эхлэх хуваарьтай.
0 cэтгэгдэлтэй