“Washington Post” Монголын багийг онцлов

2021-08-03 922 0

Та бүхэнд АНУ-ын алдартай хэвлэлүүдийн нэг “Washington Post” сонинд гарсан Монголын 3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн багийн талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Эх орондоо сагсан бөмбөгийг дөрөвхөн жилийн өмнөөс тоглож эхэлсэн О.Хулан өөрийн дуртай “NBA”-гийн оддын бичлэгийг “Youtube”-ээс үзэж хэрхэн бөмбөгөө залж, гоол оруулахыг өөрөө сурчээ. “Би сургуулийн талбай дээр ганцаараа тоглож, өрсөлдөгчөө төсөөлөн хөдөлгөөнүүдийг дуурайхыг хичээдэг байсан” гэж тэрбээр хэлжээ.

Гэсэн ч Бямба гаригийн орой тэр дахин төсөөлөлдөө автах шаардлагагүй болж, төсөөллөө бодит болгосон юм. Тэрбээр олимпийн наадмын 3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд АНУ-ын багтай анхны тоглолтоо хийсэн юм. Сагсан бөмбөг тоглож сураад дөрөвхөн жил болж буй түүний хувьд дэлхийн топ зэрэглэлийн багт 21-9 онооны харьцаагаар хожигдсон нь санаа зовох зүйл биш. Өдгөө 21 настай О.Хулан болон түүний багийнхан олимпийн наадмын багийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон анхны тамирчид билээ.

Бөх, бокс, жүдогийн төрлүүдэд л тамирчдаа олимпод бэлтгэж ирсэн гурван сая хүн амтай Төв Азийн Монгол Улсад 3х3 сагсан бөмбөг хэр алдартай болсны илрэл бол тэд юм. О.Хулан багийн спортын төрлөөр хөгжих хүсэлтэй Монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл бөгөөд тэрбээр олимпийн наадмын нээлтийн үеэр эх орныхоо тугийг барьсан Монголын анхны эмэгтэй болов. Үүгээрээ тэр олон эмэгтэйд олимпод оролцох итгэлийг бэлэглэнэ гэж найджээ.

“Би тэдний үлгэр дуурайлал болохыг хүсч байна. Монголын эмэгтэй тамирчид хийгээд бусад эмэгтэйчүүдийг төлөөлөн спортын хамгийн том индэр дээр гарч буй нь үнэхээр гайхалтай. Сагсан бөмбөг манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байна. Өдгөө 3х3 манай улсад үндэсний спорттой дүйцэхүйц хэмжээнд хүрээд байна. Бүгд л тоглож, тэмцээнүүдийг телевизээр үзэх болсон” гэж тэрбээр өмнө нь ярьж байв.

Бямба гаригт 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн олимпийн наадамд өмнө нь  үзэгдэж харагдаагүй шинэ эрч хүчийг мэдрүүлэв.  Харьцангуй жижиг талбайд, энгийн сагсан бөмбөгийн тэмцээнээс илүү өрсөлдөөн шируун өрнөсөн. “Монголчууд бид ерөнхийдөө уян хатан байхаар заяагдсан хүмүүс. Бие махбодийн хувьд илүү хүчтэйн дээр нүүдэлчин соёлтой ард түмэн учир аливаа нөхцөлд дасан зохицоход бэлэн байдаг. Энэ нь бидэнд давуу тал болдог гэж бодож байна” гэж О.Хулан мөн ярив.

Монголын 3х3 Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав “2000-аад оноос янз бүрийн тэмцээн уралдаан, арга хэмжээ кохион байгуулж эхэлсэн үеэс 3х3 олны сонирхлыг татаж эхэлсэн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ач холбогдлоо алдаагүй нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоо энэ төрлийн спортыг дэлхийн өнцөг булан бүрт алдаршуулахыг зорьсонтой нь холбоотой. Кара Лоусон зэрэг бусад дасгалжуулагч мөн үүнд анхаарлаа хандуулсан юм. Кара Лаусон 2019 онд болсон тэмцээнд шигшээ багаа Монголд авчирсан нь мөн маш их нөлөөлсөн” гэв.

“Бид Чингисийн талбайн голд тоглож байсан. Тухайн үед тоглолтын тасалбарууд бүгд зарагдаж дууссан. Тоглолт маш чанга байсан. Тэд үнэхээр 3х3 төрлийг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна” хэмээн дасгалжуулагч Кара Лаусон ярьжээ.

Сүүлийн 10 жилд энэ спортын төрөл цойлж гарсан нь Токиогийн Олимпийн наадамд шалгарч чадаагүй ч Азидаа хамгийн шилдэгт тооцогдох эрчүүдийн алдартай шигшээ багийг байгуулахад түлхэц болжээ. Л. Мягмаржавын хэлснээр, Монголд зохион байгуулдаг 3х3 тэмцээнүүдэд 20 мянга орчим хүүхэд тоглож байгаагаас тал орчим нь эмэгтэйчүүд байгаа аж.

“Манай улсад ардчилсан тогтолцоо бий болсноос хойших сүүлийн 30 жилийн хугацаанд охидод тохирох спортын төрөл тийм ч олон байсангүй. Тэр дундаа гудамжны сагсан бөмбөг. Монголд очоод гудамжаар алхвал цагиргаар тоглож буй охид, хүүхдүүд мэр сэр харагдана” гэж Л.Мягмаржав ярьжээ.

Өөрийн ах, эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчин О.Энхбаатараас урам зориг авсан О.Хулан гудамжны сагсан бөмбөгөөр 18 настайгаасаа хичээллэх болсон хэдий ч хаанаас эхлэхээ сайн мэддэггүй байжээ. Тэрбээр “YouTube”-с санаа авах бичлэгүүдийг үзэж, “NBA”-гийн өөрийн дуртай тоглогч Стефен Карригийн тоглолтын онцлогийг өөрийн болгохыг хүсчээ. Их сургуульд байхдаа тэрбээр 3х3 сагсан бөмбөгийн багт элсч, хожмоо үндэсний шигээ багт орсон байна.

Энд тэр багийн гишүүдтэйгээ хамт байрныхаа шатаар гүйж, хахир өвлийн хүйтэнд тоглоомын талбай дээр бэлтгэлд хийдэг байжээ. Зарим үед өндөрлөг газар тэсвэр хатуужилтай байхад нь тусална гэж итгэн, хотыг тойрсон бартаат ууланд очиж бэлтгэлээ хийдэг байсан гэнэ. Гэсэн ч олон улсын тоглолтуудад үүнээс хэцүү үеүд байлаа. Монгол Улсын баг 2019 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх упаа оролцсон бөгөөд Амстердамд болсон дөрвөн тоглолтод дөрвүүлэнд нь ялагджээ. Харин 2019 оны Азийн цомын тэмцээнд илүү их амжилт гаргаж, дөрөвдүгээр байрт шалгарч, олимпод оролцох эрхээ авсан байна. Энэ нь тус улсын эмэгтэйчүүдийн спортод тохиолдсон гайхалтай үйл явдал болж, 3х3 баг дорхноо нэрд гарчээ.

“Бага насны хүүхдүүд өсөхдөө л сагсан бөмбөг тоглож байна. Хүүхдүүд одоо энэ охидыг харж, шүтэн биширч байна. Энэ охид одоо Монголд “од” болж байна. О.Хулангийн өмсгөл Монголд онлайнаар маш сайн зарагдаж байгаа” гэж Л.Мягмаржав хэллээ.

Италитай тогтосон тоглолт дээр Монголын баг маш харамсалтайгаар ялагдсан. Харин олон жилийн туршлагатай Америкийн багтай эн тэнцүү тоглохыг хичээсэн. Тоглолтын дараа О.Хулан цэнгэлдэх хүрээлэнгээс гарч явахдаа инээмсэглээд, багийнхантайгаа ямар нэгэн зүйлийн талаар ярилцаж байв. Тэд бүгд ялсан мэт харагдаж байлаа.  “Бид үлгэр дуурайлал болж чадсан гэж бодож байна. Өөртөө итгээд, итгэл үнэмшлээ алдахгүй хичээвэл бүгд энэ түвшинд хүрч чадна гэж итгэж байна” хэмээн тэр хэлэв.

Холбоотой мэдээ