Олимпын эхний хожлыг авчирсан, Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ

2021-08-04 728 0

Монгол улсын ширээний теннисний шигшээ баг анх удаа олимпод оролцож байна. Шигшээ багийн тамирчин Э.Лхагвасүрэн эхний хэсэгтээ АНУ-ын теннисчинтэй таарч, харамсалтай нь ялагдал хүлээсэн.

Тэгвэл ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьж буй Б.Болор-Эрдэнэ Тунисийн тамирчныг 4:1-ийн харьцаатай яллаа. Түүний энэхүү ялалт нь Монголын баг тамирчдын эхний хожил байсан юм.

Монголын багийн хамгийн залуу тамирчин болох Б.Болор-Эрдэнэ нь 2002 онд төрсөн, 19 настай. Чингэлтэй дүүргийн 24 дугаар сургуулийг төгсөж, одоо Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын ангид суралцаж байна. 

Б.Болор-Эрдэнэ хүүхэд байхаасаа ширээний теннисээр хичээллэж эхэлжээ. Найман настайгаасаа энэ спортыг сонирхож эхэлсэн бөгөөд түүний эцэг, эх нь дэмжиж анх “Тэмүүжин спорт клуб”-т оруулж байсан аж. Удалгүй Б.Болор-Эрдэнэ “Оч” клуб руу шилжиж анхны медалиа хүртсэн байна. 

Б.Болор-Эрдэнэ нэг эгч, хоёр дүүтэй. Сонирхолтой нь түүний хоёр дүү нь хоёулаа ширээний теннисээр хичээллэдэг байна.

Түүний анхны олон улсын хэмжээний тэмцээн нь Япон улсын Осака хотод зохион байгуулагдсан зүүн Азийн 12-оос доош насны тэмцээн байв. Тухайн үед байр эзэлж чадаагүй ч анх удаа гадаадын тамирчинтай тоглож, маш их туршлага хуримтлуулсан талаараа ярьж байжээ.  

Түүний гаргасан амжилтуудаас дурдвал: 

  • Азийн зүүн бүсийн АШТ-ий мөнгө,
  • Улаанбаатар опен Олон улсын тэмцээний аварга,
  • Монгол туургатан Олон улсын тэмцээний алт, мөнгө,
  • Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медалийн эзэн. 

Холбоотой мэдээ