
Нас үл хязгаарласан, U-1700 -аас доош рэйтинг бүхий шатрын спорт сонирхогчдын ДАШТ Грекийн Родос хотноо найм дахь өдрөө үргэлжилж байна. Дөрвөн тивийн 75 шатарчин өрсөлдөж буй ДАШТ-ийн U-1700 чансааны ангилалд, 8 өргийн дараахь байдлаар 12 настай Наранболдын Содбилэгт хүү 7 хожил, 1 тэнцээ, нийт 7,5 оноотойгоор хошуучилсан хэвээр. Сүүлчийн өрөгт Содбилэгт Туркийн Бозкурт Сиркантай таарсан. Харин Содбилэгт хүүтэй Дэлхийн аваргын титмийг ижил оноотой (7,5) булаалдаж буй Казахстаны Айнакул Мухтар нь ОХУ-ын Евгений Каневтай учирна. Содбилэгт хүү өмнө нь, 2017 онд Итали улсын Сполето хотод зохиосон U-1700 чансаа бүхий шатарчдын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан амжилтаа ахиулахад ганцхан өрөг үлдсэн байна. Содбилэгт хүү өрсөлдөгч Сирканыг хожсон тохиолдолд U-1700- аас доош рэйтинг бүхий шатарчдын Дэлхийн аваргын титмийг зүүх юм. Содбилэгт хүүгийн хувьд 5 наснаасаа шатрын спортоор хичээллэж, 6 насандаа “Ирээдүйн одод-2015” тэмцээнд 2 дугаар байр эзэлж, анхныхаа томхон амжилтыг үзүүлсэн байдаг. Улмаар 7 настайдаа, Ираны Тегеран хотод зохиосон Ази Тивийн Сурагчдын АШТ-д гуравдугаар байр эзэлж, тивийн хүрэл медаль, дамжаад ОХУ-ын Сочи хотод зохиосон Сурагчдын ДАШТ-д өөрийн насны ангилалд анх удаа түрүүлж, дэлхийн аваргын цомыг өргөж, ирээдүйтэй шатарчин болохоо харуулсан аж. – Энэхүү Дэлхийн АШТ-д Монголоос 5 шатарчин, тэр дундаа хүүгийн минь ангилалд Лүндээжанцан ( гишүүн асан) шатарчин тоглож буй. 1700 чансаанаас доогуур бүх насныхан оролцож буй гэдгээрээ онцлогтой. Хүү минь энэ удаа Билгүүн багштайгаа Дэлхийн аваргыг зорьсон. Гараагаа сайн эхэлсэн. Бариа нь ч сайн байгаасай гэж хүсэж байна. Хүүг минь шатарчин болоход нь анхлан “А” үсэг заасан Эрдэнэ багш, өнөөдөр амжилт өөд хөтөлж буй Билгүүн багш нарт нь юуны өмнө талархая гэж Содбилэгт хүүгийн аав Наранболд Sportlife.mn сайтаар уламжиллаа.


Грекийн Родос хот, U-1700 чансаа бүхий ДАШТ



Э.ОТГОНЖАРГАЛ
0 cэтгэгдэлтэй