
Аваргуудын Лиг, Европа Лигт шалгарч чадаагүй топ багуудад цом өргөх шинэ боломжийг Европа Конференц Лиг бий болгосон. Европын дундаж клубуудын хооронд өрнөх энэхүү тэмцээнийг тус тивийн 55 холбоо дэмжсэнээр бодит биеллээ олсон. Италийн Рома, Английн Тоттенхэм зэрэг багууд энэ боломжийг эдэлж буй. Тоттенхэм болон Рома багууд тус бүр 7 оноотойгоор хэсэгтээ хоёрдугаарт эрэмблэгдэж байна. Сүүлийн тоглолтонд Рома Норвегийн Бодо багтай 2:2-оор тэнцсэн бол Тоттенхэм 3:2-оор хожиж маш чухал 3 оноог халаасалж, хэсгээсээ шалгарах боломжоо дээшлүүллээ. – Дэндүү солиотой тоглолт.Би ийм тоглолтонд дургүй. Учир нь ийм тоглолтонд хэн нь ч хожиж магадгүй байдаг. Тун осолтой. Бид 3:0-ээр хожиж явсан атлаа 2 гоол алдаж, хожлоо үгүй хийх шахлаа. Ямар ч гэсэн хожих зорилгоо биелүүлж чадлаа. Одоо бидний хувьд ПЛ-т анхаарах цаг. Эвертонтой энэ амралтын өдрүүдэд таарна. Сэргэх хугацаа алга. Тоттенхэм багийн хувьд бүх талаараа сайжрах шаардлагатай. Их ч ажиллах хэрэгтэй. Дараа нь бас Олон улсын тэмцээнүүд үргэлжлэнэ. Ийм зав чөлөө, завсаргүй тоглолт нь тамирчныг туйлдуулж байна. Тиймээс маргааш бэлтгэл гарах биш, амраах шаардлагатай. Тоттенхэм багийн тоглогчдоос тэвчээр , хүлээцийг би хүлээж байна. Бид тамирчны сэтгэл зүй , биеийн хөгжлийг дээшлүүлэхээс гадна, багийн тактикийг ч шинэ шатанд гаргах шаардлагатай.Миний хувьд ямар ч хүнд ажлын ачааллыг даана. Маш их бэлтгэл хийж, хамтдаа ажилласны үр дүнд л бид зорилгодоо хүрч чадна гэж Тоттенхэм багийн дасгалжуулагчаар ажилласан эхний тоглолтондоо хожил авсан Конте хэллээ. Түүний хувьд нэг багт хоёроос дээш жил ажиллаж үзээгүй нэгэн. Өнгөрсөн удиралд Интер багийг Сериа-А лигт, гурван жилийн өмнө Челси багийг Премьер Лигт түрүүлүүлж чадсан туршлагатай. Тоттенхэм багийн удирдлага түүнийг урьсан нь Тоттенхэм баг цомтой болохыг хүссэний илэрхийлэл юм.


Э.ОТГОНЖАРГАЛ
0 cэтгэгдэлтэй