Л.АЛТАНТУЛГА: 14 НАСАНДАА НАСАНД ХҮРЭГЧДИЙН УАШТ-ЭЭС АНХНЫ МӨНГӨН МЕДАЛИА АВЧ БИЛЭЭ… (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж Цуврал 8`)

2021-11-07 2234 1

Би бүр багаасаа, тав, зургаан настай байхаасаа л гэрийнхээ жижигхэн сэтгүүлийн ширээн дээр ээжтэйгээ хааяа теннисний бөмбөг харилцдаг байлаа. Тэр үеэс л энэхүү гайхамшигтай спортыг шимтэн сонирхож байгааг ээж минь анзаарсан байх гэж боддог. Тэгээд, 1998 оны хавар, намайг 10 настай байхад Биеийн тамирын дээд сургуульд байрлах ширээний теннисний Номин клубт анх оруулж билээ. Ээжтэйгээ тус клубт анх очиход заал дүүрэн хүүхэд байж билээ. Хүүхдүүдийг заал тойруулан гүйлгэж, хөдөлгөөний эвсэл шаардсан янз бүрийн дасгалыг хийлгэн, хүүхдүүдийн хөдөлгөөний эвсэл, тэсвэр тэвчээр, хүсэл тэмүүллийг нь ажиглан, клубт хүүхдүүдийг шалгаруулан авч байсан нь тэр байлаа. Шалгалтаа өгчихөөд, хариугаа догдлон хүлээн суусан үе одоо ч тодхон санагдаж байна. Тус шалгалт, сорилтонд тэнцэж, Монгол улсад ирж ажиллаж байсан БНСУ-ын иргэн Пак Жи Хён /Дэлхийн залуучуудын аварга/ багш болон Эрдэнэбаяр багшийн шавь болж тэдний удирдлаган дор ширээний теннисний” А” үсгийг заалган суралцаж, улмаар 1999 оноос хойш Монгол улсын гурван удаагийн аварга Галбадрах багшийн удирдлага дор давхар хичээллэсэн. Ширээний теннисээр хичээллэж эхэлснээс хойшхи хоёрхон сарын хугацаанд Япон улсад зохиогддог Зүүн Азийн 12-оос доош насны аварга шалгаруулах хүүхдийн тэмцээнд сонгогдон анхныхаа олон улсын тэмцээнд оролцож байсан маань надад маш их урам зориг өгч, ирээдүйн амжилтуудад хүрэхэд их нөлөөлсөн гэж боддог. /1998,1999,2000,2001 онуудад оролцсон/ Тамирчин хүний хувьд анхны медаль, анхны тэмцээн, анхны гэсэн болгон маш үнэ цэнэтэй, хэзээ ч үл мартагдах нандин дурсамж юм. Энэхүү нандин дурсамжаасаа энэ удаад Та бүхэнтэйгээ хуваалцья гэж бодлоо. Миний хамгийн анхны ширээний теннисний спортоор авч байсан медаль бол GMF компанийн нэрэмжит өсвөрийн тэмцээнээс авсан хүрэл медаль байлаа. Тухайн үед ээж минь надад тамирчин хүний медалийн буухиа хүрлээс эхэлбэл дараа дараачийн медалийн чанар нь дээшилж мөнгө, алт гээд явдаг юм гэж урамшуулж байсныг маш тод санаж байна. Үнэхээр л түүнээс хойш олон олон алт, мөнгөн медалиуд хүртсэн байдаг юм. Мөн энэхүү спортоор хичээллэж эхэлснээс хойш нэг жилийн дараа идэрчүүдийн улсын аварга цолыг анх удаа хүртсэн. Тэр жилийн идэрчүүдийн улсын аваргын тэмцээн миний болон бусад үе тэнгийнхний хувьд ч их өрсөлдөөнтэй байсан гэж боддог.

Учир нь тухайн жилд хот болон орон нутгийн олон сайн сайн хүүхдүүд ирж оролцож байж билээ. Улаанбаатараас энэ спортоор 2-3 жил хичээллээд байсан Төрсайхан, Ариунболд, Мөнхбат, Батбаяр, Эрдэнэтийн Билгүүн гэх мэт сайн сайн тоглодог хүүхдүүд оролцсон. Үүнээс хойш идэрчүүдийн улсын аваргыг 5 удаа хүртсэн юм. (1999. 2001. 2002. 2004. 2005) Миний сэтгэлээс хэзээ ч гардаггүй мөн насанд хүрэгчдийн УАШТ-ний нэг бүрчилсэн төрөлд анх удаа авч байсан медаль бол 14 насандаа Улсын аваргын төлөө Галбадрах багштайгаа тоглоод хожигдон авч байсан мөнгөн медаль юм. Тэр үед намайг хожигдоод уйлж байхад багшийн минь хэлсэн үг одоо ч санаанаас гардаггүй юм. Багш минь намайг тэврээд “- Миний шавьд одоохондоо мөнгөн медаль хангалттай” гэж хэлээд үнсэн тайвшруулж билээ. Тухайн үед балчир байсан болохоор ямар учиртайг нь ойлгоогүй ч , хожим бодоход тухайн үед шавь нь тийм жаахандаа аварга болоод биеэ тоох вий, амжилт нь буурах вий гэсэндээ, нөгөө талаас намайг улам илүү сайн тоглоосой гэж хурцалж өгсөн гэж эргэцүүлдэг. Түүнээс хойш шавь нь Монгол Улсын аварга хэмээх хүндтэй шагналыг дөрвөн удаа хүртсэн байна. /2006,2008,2009,2011/ Энэ амжилтууд бол Галбадрах багшийн минь хэлж байсан үнэт зөвлөмжүүдийн ач юм шүү. Бас нэгэн анхны гэх дурсамжтай тэмцээн бол 2004 онд Монголд анх удаа зохиогдсон MONGOLIAN OPEN олон улсын нээлттэй тэмцээнд түрүүлж АЛТАН ЗООС-ны эзэн болсон явдал юм. Тус тэмцээнд ОХУ-ын Улан-Үдэ, Хятад улсын Хөх хот, манай улсын шилдэг тамирчид оролцсон томоохон тэмцээн болсон юм. Тэр үед би дөнгөж 15 настай байсан ба анх удаа Монголд зохиогдсон олон улсын тэмцээнд монгол тамирчин түрүүлсэн болохоор миний хувьд их баяртай байж билээ. Мөн Монгол улсад анх удаа зохиогдсон шилдэг 8 тамирчид оролцсон анхдугаар ЛИГ-ийн тэмцээнд түрүүлсэн маань миний хувьд гайхамшигтай дурсамжуудын минь нэг юм. Тухайн тэмцээн маш сонирхолтой болсон ба тэмцээний сүүлийн өдөр улсын аварга Бэгз ахтай оноо тэнцэж шийдвэрлэх ганц тоглолт хийж 3:1 харьцаагаар хожиж анхны ЛИГИЙН АВАРГА гэх эрхэм цолыг хүртсээн.

Мөн миний болон Монголын ширээний теннисний түүхэнд тодоор үлдэх амжилт бол 2012 оны Герман улсын Дортмунт хотод болсон Дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээний Е хэсэгт түрүүлэн алтан медаль авсан явдал юм. Энэ амжилт бол багийн гишүүн бүгдийн зүтгэлийн үр дүн байсныг дурдахгүй байхын аргагүй юм. Тус тэмцээнд нас чацуу, тухайн үедээ “хамгийн чанга” өрсөлдөгч, дотны найз Э.Лхагвасүрэн болон Б.Билэгт, Батдэлгэр, Баатарсүрэн зэрэг өсөх ирээдүйтэй дүү нартайгаа баг болж оролцож байсан. Э.Лхагвасүрэн бид 2-ын хувьд багийн хамгийн хариуцлагатай тоглолтуудыг хамтран ярилцаж, нэг нэгнээ зоригжуулж, монголчууд бидний ярьдгаар нэгнийхээ дутууг гүйцээн дундуурыг дүүргэнэ гэдэг шиг л зүтгэсний хүчинд хэсэгтээ түрүүлэн, дэлхийн аваргуудын авсан тэр л медалийг авч, хамтдаа баярлаж хөөрч байсан минь хэзээ ч мартагдахгүй сэтгэлд тодхон үлджээ.Тамирчид биднийг тив, дэлхийн чанартай уралдаан тэмцээнүүдэд оролцох, боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд ивээн тэтгэж сэтгэл зүрхээрээ дэмжин тусалж байсан үндэсний томоохон компаниудын эзэд болох Моннис группын ерөнхийлөгч Чулуунбаатар ах, ӨЕГ компаний захирал Даваасүрэн ах, Хасу Мегаватт компаний ерөнхий захирал Түмэн-Аюуш ах, Грандфин ББСБ-ын захирал Сурахбаяр ах болон бусад бүх хувь хүмүүст үргэлж баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Ширээний теннисний спортоор хичээллэж эхэлсэн өдрөөс хойш өнөөг хүртэл тоглолт бүр, тэмцээн болгонд хажууд минь байж бүх зүйлээр дэмжин тусалж байсан одоо ч хүүгээ дэмжсээр байдаг хамгийн эрхэм хүн бол миний ээж Дэлгэрмаа юм. Миний ээж бол ширээний теннис олон жил тоглож байгаа ахмад тамирчин юм. Ээж хүү хоёр хоёулаа МБАТ-ний спартакиадад шөвгийн дөрөвт үлдсэн тохиолдол Монголд байхгүй байх гэж би боддог. 2008 оны МБАТ-ны спартакиадад хүү нь аварга болж, ээж минь 4-т шалгарч билээ. Ээж минь тухайн үед 1/8-д улсын аварга, ОУХМ Наранцацрал эгчийг хожиж, 1/4 шигшээд улсын аварга, ОУХМ Бадамцоо эгчтэй 7 үе тоглож хожигдохдоо эхний 3 үеийг хожсон нь тэмцээний том сенсааци болж байсан юм. Одоо миний бие Австрали улсад гэр бүлийн хамтаар суралцаж ажиллаж амьдарч байгаа билээ. Миний бүх амжилтуудын ард байсан хайрт ээж, багш нар, үе тэнгийн найз нөхөд, ах эгч, дүү, ахмад тамирчиддаа мөн биднийг үргэлж дэмждэг спонсорууддаа ширээний теннис гэх энэ агуу спорт монгол улсад үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойн мэндийг Австрали улсын нарлаг Брисбен хотоос хүргэж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн – Улсын 4 удаагийн аварга, ОУХ-ний мастер Лхагвадоржийн АЛТАНТУЛГА

Холбоотой мэдээ