Монгол бөхийн хууч: БАЯНМӨНХ АВАРГЫН ЦАРАЙ ХҮРЛИЙГЭЭД СОНИН БОЛЧИХСОН, ТАХИМАА ӨГСӨН…

2021-11-08 604 0

-Цэрэнтогтох аварга, Баянаа аваргатай барилдаж байхдаа ямар мэхэнд, яагаад уначихав гэдгээ эхэн үедээ сайн мэддэггүй байж л дээ. Аваргатай барилдах учраа олохгүй байсан хэрэг. Тэгээд яавал би Баянаа аваргыг унагаж болох вэ? гэдгийг маш их тунгаан бодсон байдаг. Янз бүрийн мэхний хувилбар бодож боловсруулж, түүнийгээ өөр бөх дээр туршиж, давтаад байж. Ерөөсөө л Баянаа аваргыг давна гэсэн зорилго тээж бэлтгэл сургуулилтаа хийж. Түүнийх нь үр дүн ч гарч. Улсын заан цолтой байхдаа “Хоршоолол” нийгэмлэгт болсон Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны баярт зориулсан барилдааны их шөвөгт Баянаа аварга, Галдандагва начин, Цэрэнтогтох аварга гурав үлджээ. Баянаа аварга, Цэрэнтогтох аварга хоёр өмнөх даваануудад гоц мөргөсөн учир гурван бөх үлдэхэд хуваарь ёсоор Галдандагва начин гоц мөргөж, Баянаа Цэрэнтогтох хоёр тунажээ. Тэгэхэд Баянаа аваргыг маш өвөрмөц сонин мэхээр унагасан байдаг юм. Өөрийнх нь хэлснээр бол тал хутгаа гэж ойлгогдоод байгаа. Тэр нь самбо барилдааны мэх. Баянаа аварга барилдаан дууссаны дараа хувцсаа өмсөх зууртаа Цэрэнтогтоход хандан:- “Хэд хоног ан ав хөөж хөдөөгүүр явж ирээд зааланд шууд ороод ирлээ. Бэлтгэлгүй байсан учраас чамд уначихлаа. Дараагийн барилдаанд бэлтгэлтэй очиж, чамтай барилдана аа. Чи миний гараас хаа холдох вэ дээ” гэсэн байна. Уг барилдаанаас долоо хоногийн дараа Хөнгөн хүнсний үйлдвэрийн ажилчдын баярт зориулсан барилдаан болж , Баянмөнх, Цэрэнтогтох аваргууд түрүү үзүүрт шалгарчээ. Цэрэнтогтох аварга энэ тухайгаа ингэж дурссан байдаг. – “Аварга элэг бүсний барьцаа улам лавшруулж , шуудагдаад бярдаж хаядаг байв. Яг тэгээд дайраад ороод ирэхээр нь, өмнөөс нь цохио маягийн мэх хийлээ. Энэ хариу мэхийг би олон хоног бэлдсэн юм. Уул нь наадмаар хийхээр зэхэж байсан ч тэвчээр алдаад хийчихсэн. Баянаа аварга алга болчихдог юм. “Энэ чинь яав” гэтэл дээшээ хөөрөөд явчихсан байв. Тэгээд газарт далаараа буунгуутаа өмнөөс өрсөн чигээрээ босоод ирдэг юм. Унаж үзээгүй хүн чинь тэгдэг юм билээ. Яг тухайн агшинд өөр тийшээ анхаарал хандуулсан хүн “юу болов” гэж алмайран гайхахаар. Аваргын царай нь хүрлийгээд сонин болчихсон тахимаа өгч байсан. Одоо ч нүдэнд харагддаг” гэж дурссан байдаг гэж үндэсний бөх судлаач Б. ЦОГТБААТАР дээхэнтээ бичиж үлдээжээ.

Холбоотой мэдээ