МӨНГӨН АРСЛАН: БАЯНМӨНХИЙГ ДАГУУЛЖ ИРЭЭД, ТҮРҮҮЛЭХ УНШЛАГЫГ ТҮҮНД ХИЙЛГЭСЭН ЧИ ӨӨРӨӨ БУРУУТАЙ

2021-11-09 957 0

 Бөхчүүд засал ном их хийлгэнэ. Ёс журам сахина. Бэлтгэлээ базаана. Мэхээ бэлдэнэ. Улсын наадамд цол авах, ахиулахаас өгсүүлээд дор бүрнээ зорилготой. Тиймээс бэлтгэлийн үеэр элдэв зүйлээс аль болох цээрлэнэ. Том бөхчүүдийн арыг эрдэмтэй лам нар ч даадаг гэдэг байв. Тиймээс ах дүү нар нь ламд очихдоо асууж сурна. Тэр жил миний бэлтгэл давгүй байсан. Баян-Уулд уламжлал ёсоор Баянаа аваргатай нэг галд наадмын бэлтгэлд гарсан. Наадам ойртож байтал ах маань эргэж ирлээ. Миний бэлтгэлийг ажиж сууснаа: “- Ах нь саяхан нэг сайн ламаас чамайг асуулаа. Энэ жил чамайг их сайн барилдана, түрүүлнэ. Авчраад засал хийлгэчихвэл бүр сайн гэлээ” гэж хэлэв. Би ч элдвийг бодож хонолоо. Өглөө нь галын ахлагч Баянаа аваргад үнэн учраа тоочиж, бэлтгэлээс чөлөө гуйв. Аварга хариуд:- “Ээ хүү минь, ганцаараа явах осолтой. Нохой гахайнд уруулчихвал яана. Би л чамд хань болохоос гээд хадгаа өвөртлөн нөгөө лам луу намайг дагуулаад туучихлаа. Ахынд очтол ,- Чамайг ганцаараа ир гэж байхад яагаад аваргыг дагуулаад ирэв гэж их л ууртай угтав. Нэгэнт ирсэн хойно хамтдаа лам багшид бараалхахад, цолны эрэмбээр аварга өврөөсөө хадаг барин түрүүлж золгож, улмаар хамтдаа баахан ном уншуулав. Би ч дотроо энэ жилийн наадамд би түрүүлэх нь баараггүй боллоо гэх итгэл төрж байлаа. Гэтэл Цэрэнтогтох аваргад дайрч мордуулаад, тархиараа савж унан, үхэхээ шахав. Наадмын дараа худалч ламд очуулснаас боллоо гэж ахдаа гомдоллов: “- Тэгэхгүй яадаг юм бэ. Түрүүлэх бөхийн уншлагыг чамд хийж өгөх гэж байхад Баянмөнхийг дагуулж ирсэн чи өөрөө буруутай. Баянмөнх чиний оронд түрүүүллээ гэж намайг буруутган бөөн хэрүүл уруул болж билээ. Дөнгөж начин цолтой миний түрүүлнэ ч гэж юу байхав. Мөн ч гэнэн байж дээ гэж Мөнгөн арслан хуучилсан байдаг.

Холбоотой мэдээ