Ө.БАТЦЭЦЭГ АЗИ ТИВИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЭЛИТ ШҮҮГЧ БОЛЛОО

2021-11-09 866 0

 Монгол улсаас Олон улсын шүүгчийн зэрэгт анх хүрсэн Өнөржаргалын Батцэцэг Азийн хөлбөмбөгийн холбооны Элит шүүгч болон зэрэг дэвшлээ. Одоогоос 15 жилийн тэртээ, 2016 онд МХБХ-ны шүүгчийн гараагаа эхэлж байсан Ө.Батцэцэг Ази тивийн шүүгчдийн шалгалтыг амжилттай давж, Азийн Хөлбөмбөгийн Холбоонд данстай Монголын тав дахь, Азийн элит зэрэглэлтэй Монголын анхны эмэгтэй шүүгч боллоо. – Нэгдүгээр дамжааны оюутан байхад манай Завхан аймгийн сургуулийн биеийн тамирын багш маань “МХБХ дээр сургалт болох гэж байна. Чи очоод суугаад үзээрэй” гэж зөвлөсөн. Юуны сургалтыг нь ч лавлалгүй очтол шүүгчийн сургалт таарсан. Тэр сургалтаас шүүгчийн ажил миний сонирхлыг татсан. Сургалтын дараа ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр, Э.Ариунболд нар шүүгчээр ажиллах хүмүүсээр анкет бөглүүлж байсан. Одоо санахад, би тэр анкет дээр “Монголын топ шүүгч болно ” гэж бичиж өгснөөр 2016 оны гуравдугаар сарын 7-ноос миний шүүгчийн амьдрал эхэлсэн.Хамгийн анх томилолтоор орон нутгийн тоглолтыг шүүхдээ сандарч, том том алдаа гаргасан. Тэгээд л шүүгчийн ажил ямар хэцүү, ямар хариуцлагатай вэ? гэдгийг яс махаараа мэдэрсэн. Дараа жил нь, 2017 онд ФИФА-гийн шүүгчдийн сургалтыг Сүхбаатар аймагт зохион байгуулсан. Тэр сургалтад оролцох эмэгтэй шүүгчдийн жагсаалтад миний нэр ороогүй. Өөрийгөө нь тэр сургалтад явах нь тодорхой гэж итгэлтэй байсан учир сэтгэлээр унаж, хоёр хоног уйлсан. Тэр, 2017 онд МХБХ-ны эмэгтэй шүүгчдийн түүхэнд тодоор бичигдэх зүйл болсон. Манай шүүгчид Э.Хүслэнзаяа, Ц.Оюундарь нар маань анх удаа олон улсын томилолт авсан юм. Уг үйл явдлаас урам авч, энэ зэрэгт хүрч олон улсын тоглолт шүүхэд юу нөлөөлөх вэ гэдгийг ухаж бодож эхэлсэн. Тэгээд хариулт нь “бие бялдрын бэлтгэлжилт” гэдгийг ухаарсан. Хэдий сайн дүрмийн мэдлэгтэй, англи хэлтэй байлаа гээд гүйж чадахгүй бол талбай дээрхи алдааг зөв өнцгөөс харж, зөв шийдвэр гаргаж чадахгүй гэх мэт зүйлсийг ойлгосон гэж Ө.Батцэцэг сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Холбоотой мэдээ