Ц. ШООВДОР: ХҮҮХДИЙГ ВОЛЕЙБОЛД ЗААВАЛ ДУРЛУУЛ, САЙН ТӨЛӨВШҮҮЛДЭГ (Найруулал)

2021-11-15 774 0

Монголын волейболын хатан хаан анх хөнгөн атлетикаар хичээллэдэг байж. Өндөр чацтай, хурд, хүчтэй 9 дүгээр ангийн сурагч охин байхад нь волейболчин болох замнал нь эхэлж. Энэ тухай:- 1958 онд намайг 9 дүгээр ангийн сурагч байхад волейболын шигшээ багт тоглуулна гээд хөдөөнөөс Улаанбаатарт аваад ирлээ. Би волейбол тоглож байгаагүй, бараг бөмбөг давуулж ч чадахгүй “амьтан” байв. Хөнгөн атлетикаар хичээллэж байсан болохоор үсрэлт, хурд, уян хатан чанарын хувьд бусдаас ялгарах онцлогтой байсан байх. Миний аав, ээж Өврийн сайхан хангай нутгийн нуруулаг, биерхүү хүмүүс байлаа. Тэднээс минь надад дамжсан чацархаг бие волейболын спортод зохицсон байх. Би ч удалгүй энэ спортод дурлаж эхэлсэн дээ. Багш нарынхаа заасан болгоныг сурах гэж их л мэрийдэг байлаа. 1960 оны эхээр Азийн социалист 10 гаруй орноос эрэгтэй тамирчид манай улсад ирж тоглосон юм. Тэндээс л би волейболын спортын гайхамшгийг мэдэрч, техникийг жигд сайн эзэмших ёстойг ойлгосон. Ингээд энэ спортод бүр ч их шимтсэн дээ гэж Ц.Шоовдор гавьяат дурссан байдаг. Улаанбаатарт хөл тавьсан 1958 оноос 1979 оныг хүртэл Ц.Шоовдор улсын шигшээ багийн үндсэн тоглогч, багийн ахлагч, дасгалжуулагчаар тасралтгүй ажиллаж, УАШТ, Монголын бүх ард түмний спартикиад болон бусад тэмцээнд тогтмол медальт байрт орж байсан. Түүнчлэн улс хоорондын олон улсын, дэлхийн оюутны Универсиадын, дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд багаа удирдан, амжилттай тоглож, шилдэг тоглогчийн шагналыг ч цөөнгүй удаа хүртсэн дэлхийн хэмжээний тоглогч байсныг түүх өнөө гэрчилнэ. – “Миний амьдрал волейболтой салшгүй холбоотой. 1960-1966 оны үед миний үсрэлт, хурд бусдаас арай өөр түвшинд хүрч л дээ. Энэ үед би эрэгтэй сеткэн дээр тоглодог байсан. Миний ахалсан баг улсын аваргын тэмцээнд ихэвчлэн тэргүүн байрт шалгардаг байлаа. Шигшээ багт тоглох, бэлтгэл сургуулилтаа хийхийн зэрэгцээ МУИС-ийн Түүхийн ангид суралцаж, 1969 онд онц дүнтэй төгсөж, сургуульдаа багшаар үлдсэн. Дараа нь ХААИС-д 1973-2014 оныг ( 41 жил) хүртэл тасралтгүй багшилсан. Энэ бол өглөө эртээс шөнийн 11 цаг хүртэл шаргуу хөдөлмөрлөсөн он жилүүд. Өдөр бүр 15.40 хүртэл хичээл заана. Дараа нь оюутны волейболын секц хичээллүүлнэ. Үдэш шигшээ багийн тамирчдыг дасгалжуулж, бас тоглоно. Энэ бүх ажил засварлагагүй үргэлжилж байсан. Гэсэн ч би харамсдаггүй. Миний хийсэн ажил бүхэн надад тодорхой үр дүн, баяр жаргал авчирсан. Би улсад 55 жил хөдөлмөрлөсөн. Энэ хугацаанд нэг ч удаа эмчийн чөлөө авч үзээгүй” гэж хэлсэн нь хичнээн шаргуу хөдөлмөрч хүн байсныг илтгэнэ. Ц.Шоовдор өөрөө сайн тоглогч байсны зэрэгцээ Монголын волейболын ирээдүй хойч үеийн ихийг хийсэн волейболын зүтгэлтэн юм. Тэрбээр 1969 оноос Улсын шигшээ багийн тоглогч, дасгалжуулагчаар, 1980 оноос Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахдаа 140 гаруй спортын мастер төрүүлж, тэдний 30 гаруй нь олон улсын хэмжээний мастер цолтой болсон байдаг. Энэ бол багш дасгалжуулагч Шоовдорын бахархам нэг амжилт мөн.

Волейболын спорт тоглогчоос гүйлгээ ухаан шаарддаг. Тоглогч маш богино хугацаанд бүр 2-3 секундэд шийдвэр гаргах чадвартай байх ёстой. Бөмбөгийг чанга цохих нь гол биш, үсэрч явахдаа багтаа оноо авах ашигтай хувилбар сонгож, зөв шийдвэр гаргаж чаддаг байх хэрэгтэй. Энэ ухааныг л би хүүхдүүддээ суулгаж өгдөг гэж багшийн туршлагаасаа тэр хуваалцсан. Мөн Ардчилал дэлгэрч, волейбол зогсонги байдалтай болсон цаг үед ч Шоовдор волейболдоо үнэнчээр үлдсэн бөөн хүний нэг. – Би Монголынхоо волейболд цөөхөн хэдэн охин, хөвгүүн бэлдэж өгье гээд волейболын гүнзгийрүүлсэн анги хичээллүүлсэн. 10-11 настай 10 хүү, тоонд сайн 20 охиныг сонгосон юм. Манай охид тоглох ур чадвар, сэтгэн бодох, шийдвэр гаргах түвшнээрээ бусдаас илүү байсан. Мэдээж волейболчинд хурд, хүч, уян хатан чанар чухал , харин багш бидэнд волейболоо хөгжүүлэх сэтгэл чухал гэж тэрбээр нэгэнтээ онцолсон. – Волейболын тамирчин бүх талын техникийг жигд эзэмших хэрэгтэй юм. Давуулалт, довтолгоо, хамгаалалт, хаалт, тэр бүү хэл холбогчийг ч гарамгай хийдэг байж волейболд амжилт гаргана гэж би шавь нартаа хэлж, сургадаг. Сургуулилтын үеэр тэгш тоглодог болгох зорилгоор дээрх техникийг бүх тамирчинд эзэмшүүлэх зорилго тавин давтуулдаг. Холбогч бол одоо цагт тоглолтыг найруулдаг тамирчин болсон. Багш дасгалжуулагч нар дэлхийн волейболын хөгжилд гарч буй шинэ зүйлийг ухаалаг тусгаж, сургалт дасгалжуулалтын ажилдаа нэвтрүүлэх нь шаардлага. Дээр нь волейбол бол багийн спорт . Тал талаас дуудаж, нэг дор цуглуулсан 6 спортын мастер цолтон ч тэмцээнд түрүүлээгүй байхад, ХААИС-ийн баг жил бүр медаль авч байдаг байлаа. Энэ нь багийн төлөвшил ганц хоёр сарын дотор бий болчихдоггүйг харуулж байгаа юм. Хүүхдийг аль болох багаас нь волейболоор хичээллүүлэх хэрэгтэй. Волейбол бол унах, үсрэх, үсрээд зөв буух гэхчилэн нарийн шилжих хөдөлгөөнтэй гэдгээрээ онцлог. Дээрхи шилжих хөдөлгөөнийг сураагүй хүүхдийг волейболын тоглолтод оруулж болохгүй. Гэмтэхгүй унах техник гэж бий. Энэ бүхнийг багш зөв заах ёстой. Хүүхдээ хичээл номд нь шамдуулахын зэрэгцээ спортод заавал дурлуул. Ялангуяа волейболын спорт хүнийг маш сайхан төлөвшүүлдэг. Багийн спорт учраас хамтач, нийтэч зан төлөвтэй болно. Багаар ажиллах чадвар, бусдыг хүндлэх эрхэм чанарыг эзэмшинэ. Сахилга бат, хувийн зохион байгуулалт сайжирна гэж Шоовдор багш сургамжилж байжээ. Ийм нэг спортод дурласан, волейболд амьдралаа зориулсан, аргагүй л гавьяат тамирчин, дасгалжуулагч Ц.Шоовдор 80 насандаа хорвоог орхиж, спортын ертөнцөд нөхөж баршгүй хохирол учирсан байна.

Холбоотой мэдээ