
Монголын ширээний теннисийг анх удаа олимпийн төрөлд багтаасан түүхийг бүтээсэн гавьяа байгуулж, Монголын үе үеийн ширээний теннисчидийн хүсэл мөрөөдлийг биелүүлж, Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ нар Токио-2020 зуны олимпод эрэгтэй, эмэгтэй нэгбүрчилсэн төрлөөр Монгол улсаа төлөөлөн анх удаа амжилттай оролцсон. Монголын спортын түүхэн дэх энэхүү гавьяаг үнэлэн улсын 4 удаагийн аварга, ОУХМ Э.Лхагвасүрэнг Алтан гадас одон, улсын аварга, спортын мастер Болор-Эрдэнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар Монголын төрөөс урамшуулан шагнасан баярт үйл явдлыг тохиолдуулан МШТХ-ны Гантулга ерөнхийлөгч тэргүүтэй удирдах бүрэлдэхүүн тамирчдаа хүлээн авч баяр хүргэлээ. – Токио-2020 олимпод оролцож, Монголын ширээний теннисний хөгжилд гавьяа байгуулж, Монгол теннисчин олимпод анх удаа удаа оролцсон нэн шинэ түүхийг бичилцсэн Э.Лхагвасүрэн, Болор-Эрдэнэ нартаа Алтангадас гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэнд МШТХ-ны удирдлага, Монголын үе үеийн теннисчидийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сатгэлийн баяр хүргэе. Энэ бол түүхэн амжилт. Энэ бол Монголын ширээний теннисний хөгжлийн шинэ хуудас. Энэ түүхийг, түүхийн шинэ хуудсыг амжилтаараа бичилцсэн Э.Лхагвасүрэн, Болор-Эрдэнэ нар юм. Та нартаа баярлалаа гэж холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга баяр хүргэж үг хэлэхдээ онцоллоо. – Монголын үе үеийн ширээний теннисчидийн Олимпод оролцох хүсэл мөрөөдлийг биелүүлсэндээ тамирчин хүний хувьд туйлаас баяртай байна. Монгол теннисчин олимпод оролцох замыг зааж, Токио-2020 олимпод оролцох нөхцөлийг бүрдүүлж, бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлсэн Холбооны ерөнхийлөгч Гантулга, нарийн бичгийн дарга, бидний багш Галбадрах, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Цэрэнтогтох, Солонгос мэргэжилтэн багш Кан, гадаад харилцааны дарга Б.Баярмагнай аварга, биднийг ирлэж хурцалсан өрсөлдөгч теннисчид, дэмжигчид Та бүхэндээ баярласнаа илэрхийлье гэж шагнагдагчдыг төлөөлж Э.Лхагвасүрэн талархал илэрхийллээ. Хүлээн авалтын төгсгөлд ерөнхийлөгч Гантулга, ерөнхий нарийн бичгийн дарга Галбадрах Э.Лхагвсүрэн, Болор-Эрдэнэ нарт дурсгалын зүйл гардууллаа.

Э.ОТГОО
0 cэтгэгдэлтэй