
Монгол улс Зүүн Азийн залуучуудын наадмыг эх орондоо зохион байгуулах эрх авсан. Тус наадмын зохион байгуулах хороог Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны 337 дугаар тогтоолоор байгуулж, даргаар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ахлуулан байгуулсан. Тус наадмыг зохион байгуулах хороо анхны хурлаа цахимаар хийж, тус хорооны ажиллах журам, наадмын үзэл баримтлал, спортын төрөл, хугацаа зэргийг хэлэлцсэн байна. Зохион байгуулах хорооноос гаргасан дээрхи шийдвэрээ Зүүн Азийн олимпын хороонд танилцуулах юм байна. Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хорооны харти, Азийн олимпын зөвлөл, Зүүн Азийн олимпын хорооны дүрмийн дагуу зохион байгуулагддаг, бүс нутгийн хэмжээний томоохон наадам юм. “Улаанбаатар-2023” залуучуудын наадамд манай улсаас гадна Япон, БНХАУ, БНСУ, БНАСАУ, БНХАУ-ын Макао, Хонконг, Тайван зэрэг улсын Үндэсний олимпын хорооны нийт 1,500 тамирчин спортын 12 төрөлд 100 багц медалийн төрлөөр өрсөлдөхөөр урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлжээ. Тамирчдаас гадна 900 орчим албаны төлөөлөгч оролцоно гэж тус хорооны мэргэжилтэн Бахытжан тодотголоо.
0 cэтгэгдэлтэй