
Энэхүү дугаараар та бүхэнд ширээний теннис сонирхогчдын хүлээлтийг давсан, үлгэр дууриалал үзүүлсэн, гайхшруулсан ба бидний сэтгэлд хоногшиж үлдсэн XXI-р зууны топ 21 агшинг хуваалцаж байна. Үүнд зөвхөн Олимп, ДАШТ ба Дэлхийн Цомын тэмцээнүүдээс түүвэрлэн орууллаа.
21. Ким Хёк Бон (Kim Hyok-Bong), Ким Жон (Kim Jong). 2013 оны ДАШТ. Парис, Франц
Аваргын төлөө Хойд болон Өмнөд Солонгосын тамирчид учирсан нь олон нийтийн анхаарлыг татаж байв. Эцэст нь Хойд Солонгосчууд 1977 оноос хойш буюу 36 жилийн дараа анх удаа ДАШТ-ээс алтан медаль хүртэж байжээ.

20. Дмитрий Овчаров (Dmitrij Ovtcharov) ба Тимо Болл (Timo Boll). 2017 оны Дэлхийн цом. Лийж, Бэльгийн Вант Улс
Дэлхийн цом нь ширээний теннисний олон улсын 3-т орох нэр хүндтэй тэмцээн. Зөвхөн сонгогдсон топ 20 тамирчид урилгаар оролцдог. Үүнд Тимо Болл шигшээ 8-д БНХАУ-ын Лин Гаояанг (Lin Gaoyuang) 4:3-р хожиж, тэр тусмаа шийдвэрлэх сет дээр 10:4-өөс барьж хожиж байсныг үзэгчид санаж байгаа байх. Хагас шигшээд мөн Ма Лонг буулган авч финалд шалгарч байлаа. Харин аваргын төлөө багийн анд Овчаровт хожигдсон юм.


19. Матиас Фалк (Matthias Falck), Кристиан Карлсон (Kristian Karlsson). 2021 оны ДАШТ. Хьюстон, АНУ
Саяхан болж өнгөрсөн ДАШТ дээр эрэгтэй дан хосын төрөлд төсөөлөөгүй үр дүн гарлаа. Тодруулбал Шведийн Матиас Фалк, Кристиан Карлсон нар шигшээ 8-д БНХАУ-ын Фан Зендонг (Fan Zhendong), Ванг Чүчин (Wang Chuqin) нарыг 3:2-р, хагас шигшээд БНХАУ-ын Лин Гаояанг, Лианг Жингкун (Liang Jingkun) нарыг 3:0-р, улмаар аврагын төлөө БНСУ-ын тамирчдыг буулган авч алтан медалийн эзэд болов.

18. Аруна Куадри (Aruna Quadri), 2016 оны зуны Олимп. Рио Де Жанейро, Бразил
Нигер улсын иргэн Аруна Куадри нь Африкийг төлөөлсөн ширээний теннисний топ тамирчдын нэг. 2016 оны олимпын наадмаар Тимо Боллыг хожиж шигшээ 8-д шалгарсан анхны Африк тамирчин юм.

17. Харимото Томоказу (Harimoto Tomokazu), 2017 оны ДАШТ. Дүсселдорф, ХБНГУ
Чанга орилдгоороо олонд танигдсан Харимото 14 насандаа ДАШТ-нд шигшээ 8-д шалгарсан. Тэрбээр багийн анд олимпын хүрэл медальт Мизутани Жүн (Mizutani Jun) 4:0 хожиж олны анхаарлыг татаж байжээ. Харимото өнөөдөр дэлхийд 5-т эрэмбэлэгдэж байна.

16. Английн шигшээ баг, 2016 оны багийн ДАШТ. Куала Лумпур, Малайз
Английн шигшээ баг дэлхийд илүү танигдсан үе. Лиам Питчфорд (Liam Pitchford), Пол Дринкхал (Paul Drinkhall), Самуэл Валкер (Samuel Walker) гэх бүрэлдэхүүнтэй залуус маш амжилттай тоглож дэлхийн тавцанд гарч байж.

15. Ёорген Перссон (Jorgen Persson), 2008 оны зуны Олимп. Бээжин, БНХАУ.
1991 оны дэлхийн аварга, Шведийн алдарт тамирчин Перссон 42 насандаа зуны Олимпын наадамд хагас шигшээд шалгарч олны хүндэтгэлийг дахин хүлээж авсан юм. Тэрбээр Беларусийн алдарт Самсонов, Хорватын Приморак нарыг хожиж байв. Перссон одоо Швед улсын эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.

14. Жа Канак (Jha Kanak), 2021 оны ДАШТ. Хьюстон, АНУ
АНУ-д анх удаа зохион байгуулагдсан ширээний теннисний ДАШТ-нд тус улсын иргэн Жа Канак илт сайжирсан нь харагдсан. Тэрбээр ДАШТ-нд шигшээ 8-д шалгарсан анхны Хойд Америкийн эрэгтэй тамирчин болж байна. Түүний хожсон тамирчдыг дурдвал БНСУ-ын Ан Жэйхун буюу 2019 оны ДАШТ-ийн хүрэл медальтан, Хорватын шилдэг тамирчин Андрей Гацина (Andrej Gacina), Бельгийн Аллегро Мартин (Allegro Martin), Германы Филус Рувен (Filus Ruwen) нар багтаж байна.

13. Тимо Болл (Timo Boll), 2005 оны дэлхийн цом. Лийж, Бэльгийн Вант Улс
2005 оны дэлхийн эрэгтэйчүүдийн цомын аврагын үеэр Тимо Боллын сугалаа хүнд таарсан ч тэмцээнийн цомыг өргөж чадсан юм. Тухайлбал тэрбээр шигшээ 8-д Ванг Личин (Wang Liqin), хагас шигшээд Ма Лин (Ma Lin), финалд Ванг Хаог (Wang Hao) тус тус хожиж байв.

12. Ян Оу Валднер (Jan Owe Waldner), 2004 оны зуны Олимп. Афин, Грек улс
Валднер бол дэлхийд хамгийн их хүндэтгэл авсан тамирчдын нэг. Түүний том амжилтуудыг дурдвал нь 1989 оны дэлхийн аварга, 1992 оны олимпын аварга, 1997 оны дэлхийн аварга, 2000 оны олимпын мөнгөн медаль. 2004 онд тэрбээр 39 настайдаа Ма Лин (Ma Lin), Тимо Болл нарыг хожиж хагас шигшээд шалгарч байж.

11. Матиас Фалк (Matthias Falck), 2019 оны ДАШТ. Будапешт, Унгар улс
2019 оны ДАШТ-д сугалаа их хүнд таарсан байдаг. Тухайлбал БНХАУ-ын 4 гол тамирчид нэг талдаа төвлөрсөн байжээ. Нөгөө талд Матиас Фалк цойлон гарч боломжийг ашиглан шигшээ тоглолтод шалгарч үлдсэн байдаг. Аврагын төлөө Ма Лонг-д 4:1 хожигдож байв.

10. Трулс Моргард (Truls Moregard), 2021 оны ДАШТ. Хьюстон, АНУ
2021 оны ДАШТ-ийн хамгийн том сенсаци яах аргагүй Шведийн 19 настай залуу финал хүртэл явлаа. Тэрбээр алдарт Тимо Боллыг 4:3-р хожиж мөнгөн медалийг атгасан юм. Аврагын төлөө дэлхийн номер 1 Фан Зендонтой (Fan Zhendong) таарахад түүний хүч мөхөсдсөн. Мөн түүний өмнөх сонирхолтой учраа нь БНСУ-ын Лим Жонгхун (Lim Jonghoon) байв, 3:0-р хожигдож байсан ч тоглолтын арга барилаа өөрчилж чадсанаар матчыг эргүүлж чаджээ. Германы Франциска Патрик (Franziska Patrick)-тай ширүүн өрсөлдөж 4:3, Тайванийн Чуан Чи Юуан (Chuan Chih-Yuan)-тай мөн 4:3-р өгөө аваатай байсан байна.

9. Жү Сэ Хюк (Joo Sae Hyuk), 2003 оны ДАШТ. Парис, Франц
Дөнгөж шинээр гарч ирж байсан Солонгосын залуу хамгаалагч Жү Сэ Хюк дэлхийн дэд аварга болсон. Тэрбээр алдарт Ма Линг шигшээ 8-д буулган авч, улмаар Грекийн Креанга-г (Kalinikos Kreanga) тэргүүлснээр финалд гарсан юм.

8. Ванг Личин (Wang Liqin), 2007 оны ДАШТ. Загреб, Хорват
Ванг Личин нь 2000-2010 оны үеийн хамгийн шилдэг тоглогч гэхэд хүмүүс маргахгүй байх. Тэрбээр энэ хугацаанд 3 удаа дэлхийн аварга болсон байдаг. Хамгийн биширмээр тоглолт гэвэл 2007 оны ДАШТ-ийн аврагын төлөө багийн анд Ма Лин (Ma Lin)–тай тоглоход сэтийн харьцаа 3:1, тооны харьцаа 7:1 байсан – гэвч тэрбээр тэмцсэний хүчинд тоглоомыг эргүүлж 4:3-р хожсон юм.

7. Жанг Жикэ (Zhang Jike), 2011 оны ДАШТ. Ротердам, Нидэрланд
Жанг Жикэ нь БНХАУ-ын шигшээд 2010 оноос тоглосон бөгөөд ердөө жилийн дараа биширмээр тэсрэлтийг үзүүлж дэлхийн аварга болжээ. Тэрбээр Ванг Личин, Тимо Болл, Ванг Хао нарыг хошуучилсан. Үзэгчдэд хоногшин үлдсэн дүр зураг гэвэл Жанг Жикэ сүүлийн тулаанд ялсны дараагаар футболкоо урж тайлсан явдал байдаг.

6. Майкл Мэйз (Michael Maze), 2005 оны ДАШТ. Шангхай, БНХАУ
Хэний ч хүчтэй цохисон бөмбөгийг эргүүлэн авчирч чаддаг Данийн тамирчин Майкл Мэйз 2005 оны ДАШТ-ийн үеэр тэмцээн болж буй заалыг уулга алдуулж байсан гэдэг. 4-р раунд дээр олимпын мөнгөн медальт Ванг Хао-г 4:0-р хожиж байв. Дараагийн шат буюу шигшээ 8-д хятадын Хао Шуай (Hao Shuai)-тай учирч байв. Сэтийн харьцаа 3:0, тоо 10:7 – Майкл хожигдож байлаа. Гэвч тэрбээр тоглолтыг эргүүлж 4:3-р хожин гайхалтай “come back” хийсэн юм. Сонирхолтой тоо баримт дурдахад тэр тоглолт дээр Майкл Мэйз 11 удаа өргөж өгсөн бөмбөгнөөс 8-ийг нь оноо болгосон.

5. Рью Сюн Мин (Ryu Seung Min), 2004 оны зуны Олимп. Афин, Грек.
22 настай Солонгосын тамирчны хурд хүчийг үнэлээд баршгүй. Учраа таарсан бүх өрсөлдөгчөө буулган авч олимпын аварга болж байв. Финалд Ванг Хао (Wang Hao)-г 4:2-р, хагас шигшээд Валднерийг 4:1-р хожиж байсныг мартах аргагүй.

4. Шведийн эрэгтэй шигшээ баг, 2000 оны багийн ДАШТ. Куала Лумпур, Малайз.
Ёорген Перссон, Валднер нарын эд үе дуусаж байв. 2000 онд БНХАУ-ын тамирчид болох Конг Лингхуй (Kong Linghui), Лью Гуолианг (Liu Guoliang), Лью Гуозэнг (Liu Guozheng), Ванг Личин (Wang Liqin), Ма Лин (Ma Lin) нар давамгайлж байсан. Багийн алтан медалийн төлөө Шведүүд тэргүүлж цомыг өргөжээ

3. Сингапурын эмэгтэй шигшээ баг, 2010 оны багийн ДАШТ. Москва, ОХУ Фэнг Тянвэй (Feng Tianwei) ахлагчтай Сингапурын шигшээ баг аврагын төлөө Хятадын буюу дэлхийн шилдгүүдийг 3:1-ээр буулган авч байлаа.

2. Ма Лонг (Ma Long), 2020 оны зуны олимп. Токьё, Япон улс
Ма Лонг түрүүлэх нь тийм ч гайхах зүйл биш. Тэрбээр сүүлийн 3 ДАШТ-нд түрүүлсэн, 2016 оны олимпын аварга хүн. Түүний хоч нь Dictator буюу дарангуйлагч эсвэл Dragon буюу луу гэдэг. Гэхдээ энд онцолж буй шалтгаан нь Ма Лонг олимпын хошоо аварга болсноор өмнөх бүх цаг үеийн домог болсон тамирчдын амжилтыг эвдсэн юм. Тодруулбал Валднер, Жан Жикэ, Лью Гуолианг (Liu Guoliang), Конг Лингхуй (Kong Linghui) нарын амжилттай харьцуулшгүй болсон.

- 1. Вернер Шлагер (Werner Schlager), 2003 оны ДАШТ. Парис, Франц
Тухайн үед дэлхийд 6-д бичигдэж байсан Австрийн тамирчин Вернер Шлагер олон мянган теннисчдэд урам зориг хайрласан гэдэг. Түүний таарсан учраа бүр чанга байсан. Тухайлбал 4-р раундад Ким Тэк Сү, шигшээ 8-д 2001 оны дэлхийн аварга Ванг Личин, хагас шигшээд 2000 оны олимпын аварга Конг Лингхуй, аврагын төлөө залуу Жү Сэй Хюкийг тус тус хожиж дэлхийн аварга болсон юм. Хүмүүсийн сэтгэлд илүү үлдсэн үйл явдал гэвэл Ванг Личинтэй тоглохдоо 3:1-ээс барьж хожсон, тэр тусмаа 6 дахь сэт дээр 10:6-аар хойно явж байсныг санаж байна.

Таны хувьд хамгийн том сенсаци дэгдээсэн тоглолт, үйл явдал аль нь вэ? Энд дурдагдаагүй өөр том сенсаци тарьсан үзүүлэлт байгаа бол коммент хэсэг дээр үлдээнэ үү.

Б.Буянбат /спортын дэд мастер/
5 cэтгэгдэлтэй
Schlager ch ter jil sensats tarisan2
shireenii tennis goy shuu
Liang Jingkun – криллээр Лян Жинкунь гэж бичнэ.
2020 onii tokyo hot olimpiin naadmiin er em holimog turuld turuulsen mima ito, jinutani nar gj bichne gehdee end bol ryu seung min gej helnedee
Тийм шүү, бас л түүхэнд үлдэх үйл явдал болсон доо. 21 жагсаалтад багтаж болохоор л юм байна.