
ОУОХ-ны долоо дахь ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийн санаачилгаар олимпод оролцсон тамирчин бүрт энгэрийн тэмдэг гардуулдаг уламжлал тогтсон. Энэ уламжлалын дагуу Токиогийн олимпод улсаа төлөөлөн оролцсон Монголын тамирчдад энгэрийн тэмдгийг нь гардууллаа. – Олимпын наадамд оролцоно гэдэг тамирчин бүрт олдоод байдаггүй ховорхон хувь тохиол. Олимпод оролцоно гэдэг бусад салбартай харьцуулахад докторын зэрэг хамгаалсантай дүйх амжилт гэж олон улсад үнэлдэг. Олимпын наадамд оролцоно гэдэг тамирчин хүний дээд бахархал гэж Олимпод оролцогчдын холбооны тэргүүн, олимпын аварга Э.Бадар-Ууган тус ёслолын үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ онцоллоо. Олимпод оролцогчдын дэлхийн холбоо нь 90 гаруй ҮОХ-дыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд 100 мянга гаруй гишүүнтэй болжээ. Харин өдгөө энэхүү өнөр бүл Монголын 43 тамирчнаар эгнээгээ тэллээ. – Олимпын наадамд оролцсоны энгэрийн тэмдгээ гардан авч, олон улсын холбоондоо бүртгэлтэй болох нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, олон улсын холбоогоороо дамжуулан сургалт семинар болон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, нийгмийн сайн сайхныг түгээх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон боломж тамирчдад нээгддэг юм гэж МҮОХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар Sportlife.mn -д тодотголоо. Олимпод оролцогч тамирчдын эгнээг анх удаа Монголын ширээний теннисээс Лхагвасүрэн, Болор-Эрдэнэ нар нэмлээ.
0 cэтгэгдэлтэй