
Дэлхийн аваргын буухиаг Монголын туйванч Анхаа маань үргэлжлүүллээ. Хүндийг өргөлтөөр хүчээ гайхуулан , хүйлэн хорвоод түрүүлсэн , 24 нас ч хүрээгүй ( 1997.XII.25 ) Мөнхжанцангийн Анхцэцэг маань чөлөөтийн дэлхийн аваргын алтан медальт З.Ойдов , Х.Баянмөнх , С.Батцэцэг, жүдогийн Х.Цагаанбаатар , М.Уранцэцэг , Г.Болдбаатар, Д.Сумъяа , буудлагын Д.Мөнхбаяр, боксын П.Сэрдамба зэрэг бөмбөрцгийн том аваргуудын зиндаанд хүч түрэн орж ирлээ. Анхаа маань насанд хүрэгчдийн таван ДАШТ , хоёр олимпод 4 өөр жинд хүч сорихдоо , “Анахайм-2017” , “Паттаяа-2019” -д огцом өргөлтөөр хошой хүрэл зулгааж , 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ташкентаас бүх медалийг нь хамж , 2 мөнгө + нийлбэрээр томоос том АЛТАН гулдмайг эх орондоо сугавчлан ирлээ.Олон удаа штангийн АНХДАГЧ амжилтын эзнээр тодорсон АНХАА бүсгүйгийн энэ амжилт Цэнхэржавын Хосбаяр дасгалжуулагчтай салшгүй холбоотой.Яармагийн яргай охин нь махкомбинатын малигар Хосоотой төмөр ханхалсан танхимд багш шавийн туйвангийн барилдлагаа тогтоон , цуйвангийн амтыг мэдэрснээс хойш жилээс жилд чивчрэн чангарсаар ийнхүү их Чингисийн эзэмшил чантуу нутагт чанга дуугаран , хамгийн хахир спортын 87 кг-ийн жинд дэлхийн оргилд гишгэлээ. Аав Мөнхжанцан , ээж Мөнхчимэг хоёр нь цагаан зээр лугаа хилийн заставаар мэлмий шалгасан цэргийн хатуу албаа гүйцэтгэнэ , ууган охин Анхцэцэг нь 3 дүүгээ халамжилна.Одоо бол шигшээ багийнхаа атамаан капитан болохоороо дүү нараа зална , захирна , зандарна , зайрмагаар дайлна , бэлэг өгнө , төлөг тавина , элдэвтэй эгч , аргатай аня.Бас хайртай жүжигчнээ “огцомдон өргөж” , хайр сэтгэлээ “түлхэн өргөж” , нийлбэрээр нь нэг хүүтэй болоод авсан сэргэлэн толгой. Шар Хосоо багш болбаас “Атланта-1996” олимпод очсон , бас л шар ус хуруулж байсан шартай , иртэй , сая шар тэмдгээр энгэр цоолсон , шар айраг балгадаггүй , шарз дарсыг шалгадаг шармал штангист.Тавхийн Самбуу, Баасанхүүгийн Гансүх хоёр багшаар туйванчийн эрдмийг заалгаснаа тэнгэрийн хишиг гэж гүнээ ойлгодог.Энэ жил Ханжоу-2022 Азийн том наадамтай , 3 жилийн дараа Парисийн олимптой , нанхиад , хойд солонгосын нууц зэвсгүүд гэнэт гараад л ирнэ.Гэвч Анхаа маань тэд нараас эмээхгүй , эрэмшихгүй , гэнэдэхгүй , гэгэлзэхгүй , аваргын зангаргаар , насны аагаар аваад л зална даа.Штангистууд аа , та нар өнөөдөр штангаа бүү өргө , шампанскаа л өргө !!!


0 cэтгэгдэлтэй