ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМЫГ УЛСЫН ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙ ХҮРТЛЭЭ

2021-12-30 503 0

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын гарьд Бадарчийг давж түрүүллээ.

Тэрбээр Ерөнхийлөгчийн цомыг 2 дахь удаагаа хүртэж, үүрд хадгалан үлдэх гурав дахь хүнээр тодорлоо.

Их шөвөгт улсын заан Д.Анар, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарсан бол дунд шөвгийн наймд улсын харцага О.Хангай, Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, улсын начин Г.Ганжад нар үлдэв.

Тус барилдаанд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, улсын заан Д.Анар, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага А.Цацабшир, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага О.Хангай, улсын харцага Х.Гантулга, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, улсын харцага Н.Золбоо, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын харцага Ш.Пүрэвгарьд, улсын харцага Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүчтэнүүд хүчээ сорьсон юм.

Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны нэгийн даваанд харцага А.Цацабшир, Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд, начин Ж.Чулуунбат, Ш.Шинэбаяр, Л.Батзориг, Ц.Чимэддорж, Б.Хишигбаатар зэрэг улсын цолтой бөхчүүд өвдөг шороодож залуу бөхчүүд хүч түрэн гарч байгааг илтгэв.

Түүнчлэн хоёрын даваанд П.Бүрэнтөгс аварга аймгийн заан Э.Мөнхжаргалд, сүүлийн үед заал танхимд барилдаагүй байсан улсын арслан Ц.Содномдорж аймгийн заан Ц.Бямба-Отгонд тус тус унаснаар энэ барилдааныг улам өрсөлдөөнтэй болгосон юм.

Эх сурвалж: Монцамэ

Холбоотой мэдээ