

Челси багт ирснийхээ 1 жилийнхээ ойг Томас Тучель тун удахгүй тэмдэглэнэ. 2020-21 оны Аваргуудын Лигийн цомыг өргөсөн нь яах аргагүй түүний гавьяа юм. Челси бүдэрч, Премьер Лигт эхний дөрөвт багтаж чадахааргүй тоглолт үзүүлж байх тэр үед томилогдож , Челси багийг хожлын машин болгон хувиргасан нь Томасийг оны шилдэг дасгалжуулагчийн шагнал авахад ч хүргэсэн. Тэд Аваргуудын Лигийн финалд Английн аварга Манчестер Ситиг 1:0 -ээр хожиж аваргалсан. Тэгвэл энэ бүх амжилт өнгөрсөн улиралтайгаа хамт хоцрох бололтой. Өнөөдөр түүнийг шүүмжлэх нь ихэслээ. Лампардын зассан орон дээр ” тарвалзаж” байна гэж хэлж, бичих болов. Лампард ажилласан богино хугацаандаа Челси багийн бүтцийг шинэчилж, тактикийг нь өөрчилж, Мэйсон нарын өнөөдрийн ” баатруудыг” багтаа авчирсан байдаг. Барилгаар зүйрлэвэл Лампардын хүч хөдөлмөр гарган босгосон бат бөх фундамент, шинэ хана туурганд Томас Тучель ердөө л засал төдий л ажил хийсэн гэж мэргэжилтнүүд үзэх болов. – Тэр цааш нь хөгжүүлэх чадвар муутай. Тиймээс ч Челси уналтанд орж байна. Түүний арга барил хоцрогдсон. Түүний систем буруу. Тиймээс бид ухарч, доошилж байна гэж тус багийн довтлогч Италийн Ску сэтгүүлд ярилцлага өгөхдөө Тучелийг шүүмжилсэн. Энэ бүгдэд хилэгнэсэн Томас Тучель Челси багийн түүхэнд хамгийн өндөр үнээр ( 97 сая паунд) худалдан авчирсан Лукакуг Ливерпулийн эсрэг гаргасангүй. 21 дэх тойрогт Ливерпуль багийг талбай дээрээ хүлээн авч 2:2-оор тэнцэн эвийн гэрээ байгуулснаар Манчестер Сити багаас даруй 11 оногоор хоцорсон Томас Тучель итгэлээ алдах болоогүй гэж хэлж үзлээ. Челси сүүлийн 5 тоглолтонд ердөө л 2 хожиж, 3 тэнцсэн бол Манчестер Сити 11 тоглолт дараалан хожсон юм. – Өнгөрсөн улиралд бид нар тэргүүлэгч багаас 20 оноо дутуу байснаа санаж байна. Барианд тун ойрхон очсон. Одоо дөнгөж хоёрдугаар тойрог эхэлж байна. Челси багийг басаж болохгүй. Юуны өмнө бид дотроо зангидсан гар шиг байх ёстой. Лукаку бол дэмийрч байна. Багийн дотоод уур амьсгалыг эвдэж буй хэнийг ч би тэвчихгүй. Тиймээс түүнийг Ливерпулийн эсрэг гаргаагүй. Бид түүнгүйгээр гоол оруулж чадна гэдгээ харууллаа. Ливерпульд 0:2-оор хожигдож байгаад оноог тэнцүүллээ. Челси бол гоол үйлдвэрлэгч- хожлын машин юм. Энэ машин тун удахгүй дахин ажиллана. Челсигээр Лукаку дутна. Бид түүгээр дутахгүй гэж Томас Тучель ВВС-д хэллээ. Э.ОТГОНЖАРГАЛ
0 cэтгэгдэлтэй