ШИЙРЭВ: Э.МӨНХЖАРГАЛ КОВИД ДЭЛГЭРЭЭГҮЙ БОЛ УЛСЫН НАЧИН ЦОЛОНД ХҮРЧИХ БАЙСАН

2022-02-03 438 0

 Өдгөө 25 настай Э.Мөнхжаргал бөх сонирхогчдын анхаарлыг татаж эхэллээ. Даян аварга Өсөхбаяр, аварга Санжаадамба, гарьд Рагчаа, Бадарч нарын Архангай аймгийн хүчтэнүүдийн залгамжлагч нэгэнт мэндэлжээ. Тэр Архангай аймгийнхаа төрөлх Хотонт сумандаа зодоглон үзүүрлэж, одоогоос 6 жилийн өмнө сумын начин цолонд анх удаа хүрчээ. Улмаар хоёр жилийн дараа, 2017 онд сумандаа түрүүлж, сумын заан, 23 насандаа Дархан-Уул аймгийн баяр наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртжээ. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв түүнийг шавиараа авч, “Сүлд” спорт хороонд жудо, үндэсний бөхөөр давхар бэлдэж буй аж. – Миний шавийн бэлтгэл өнгөрсөн жил гойд сайн байсан. Биеийн хөгжил сайтай. Бэлтгэл сургуулалтаа тогтмол хийдэг. Хүлээж биш, давшиж барилддаг онцлогтой. Мэхэндээ даацтай. Угсраа мэхтэй нь ямар ч учрааг сандаргадаг. Хүнд бярдуулдаггүй зэрэг давуу талтай. Өнгөрсөн зун улсын баяр наадам цуцлагдсан ч, Монголын залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” хүчит бөхийн барилдаанд Э.Мөнхжаргал тав давж, хамгийн залуу начинд өгдөг хурдан удмын даагаар шагнуулсан. Улсын наадмыг орлосон, чансаа өндөр энэхүү барилдаанд улсын цол олгоогүй билээ, харамсалтай нь. Тэр барилдаанаар мөн л улсын цолтой, том бөхчүүдийг өвдөг шороодуулсан . Тус наадмын хоёрын даваанд улсын начин М.Эрдэнэбатыг, гурвын даваанд улсын харцага Ш.Пүрэвгарьдыг, дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбатыг, тавын даваанд улсын начин О.Мөнх-Эрдэнийг тус тус давж, түрүүлсэн бөхөд д өвдөг шороодсон. Усан барс жилийн цагаан сарын барилдаанаар өөрийгөө дахин харууллаа. Бөхчүүдийн адил энэ жил наадам болно гэж хүлээж, бэлтгэлээ базааж буй. Улсын цолонд ойрхон бөхийн тоонд түүнийг бөхийн хорхойтнууд шавийг минь оруулах болсонд дотроо баяртай байдаг гэж Шийрэв гавьяат Sportlife.mn-д хэллээ.

Б.Пүрэвдорж

Холбоотой мэдээ