ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ШИНЭХЭН КЛУБ НЭЭГДЛЭЭ

2022-02-18 1817 0

Монгол улсын спортын Дэд мастер А.Энэрэл, Т.Биндэръяа нар багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлэн ажиллах эхлэлээ тавин шинэхэн клубыг байгуулахаар зорин ажиллаж байна.  Тэднээс Sportlife.mn товч тодруулга авсаныг та бүхэнд хүргэж байна.

-Сайн байцгаана уу, шинэхэн клуб нээсэнд баяр хүргье.

Маш их баярлалаа. Нэгэн тодруулгыг хүргье Одоогийн байдлаар яг клуб гэхээсээ илүү дугуйлан гэх нь зөв байх. Учир нь одоогоор энэ зөвхөн эхлэл нь учраас тодорхой заасан цагуудад цөөн тооны суралцагчидтай үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа гэдгийг хэлмээр байна.

Өөрсдийнхөө талаар товч танилцуулна уу? Хэдэн жил ширээний теннисний спортоор хичээллэж байгаа вэ?

Бид 2 2004 оноос хойш ширээний теннисний спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд хамтдаа Б.Дэлгэрбуян болон Баярсайхан багш нарын удирдлага дор дотоодын болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай орсоор ирсэн. 2012-2018 оны хооронд 2-лаа гадаад улсад сурч байсан учраас хэсэг спортоосоо хөндийрсөн.  Бид 2 2009 онд ширээний теннисний Дэд Мастер цол хүртэж байсан бөгөөд 2018 онд Монголын Ширээний Теннисний Холбооноос багшлах эрхээ авсан.

Ширээний теннисний клуб нээсэн зорилго нь юу вэ?

Мэдээж ширээний теннисний спортыг олон нийтэд таниулах, олон олон хүүхэд залуучуудыг энэ спортод дуртай хайртай болгох, ширээний теннисний хөгжилд хувь нэмэрээ оруулах зорилготой. Мөн өөр нэг хамгийн том зорилго маань бид хайртай багш Б.Дэлгэрбуянгынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, багшийнхаа үүсгэн байгуулсан “Тэмүүлэл” клубыг сэргээж, ирээдүйн  Монгол улсын аварга, тив дэлхийд өрсөлдөх тамирчдыг бэлтгэх томоохон зорилготойгоор дөнгөж эхлэлийг нь тавин ажиллаж байна.

Шинэ клубын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү?

Манай клуб Хүннү 2222- хотхоны хойно байрлах “Four Season Wellness Center”-д үйл ажиллагаагаа эхлэх гээд бэлтгэлээ хангаж байна. Байршилыг бүр илүү тодруулвал Удирдлагын Академаас зүүн тийшээ 500м орчимд байрлаж байгаа.  Энэхүү спорт төв маань  дотроо эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн тус тусдаа хувцас солих өрөө болон ариун цэврийн өрөө, душтэй бөгөөд зогсоол сайтай гэдгийг онцолмоор байна. Мөн энэ хэцүү цар тахлын үед бид ариун цэврийг хамгийн сайн сахиж ажиллахыг зориж байгаа бөгөөд өдөр бүр ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдсээр байгаа гэдгийг хэлмээр байна.

Ямар цагийн хуваарьтай хичээллэх вэ? Насны ангилал байгаа юу?

Одоогоор Мягмар, Пүрэв, Бямба гаригийн “Эртэч” анги зарлагдсан байгаа бөгөөд бүх насныхан хамрагдах боломжтой. Тун удахгүй өдрийн, оройн, амралтын өдрийн ангиудын цагийн хуваарь зарлагдана. Бид нэг ээлжийн ангийг илүү чанартай байлгах үүднээс нэг ээлжийн дүүргэлтийг 10-15 хүнтэйгээр хийж байгаа. Мөн VIP анги зарлагдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд Монгол улсад суугаа гадаад иргэдийг хамруулахаар зориж байгаа. Ширээний теннисний спортоор хичээллэх сонирхолтой гадаад хүүхэд боло насанд хүргэгчдэд бид англи болон солонгос хэл дээр хичээлийг удирдан явуулах юм.

Цаг авч тоглох боломжтой юу? Сургалтын төлбөр хэд вэ?

Одоогоор цаг авч тоглох боломжгүй. Төлбөрийн хувьд хүүхдийн анги сард 12 удаагийн оролт нь 180,000 том хүн 200,000 бөгөөд сард 8 удаагийн оролт нь 150,000 болон 180,000 төгрөг байгаа.

Танай сургалтын талаарх мэдээлийг хаанаас авах боломжтой вэ?

Сургалтын мэдээллийг “Four Season Wellness Center” фейсбүүк хуудс болон  77073377 гэсэн дугаараар холбогдон авах боломжтой.

Бидэнтэй ярилцаж товч мэдээлэл өгсөнд маш их баярлалаа.

Баярлалаа.

Спортын Дэд мастер А.Энэрэл, Т.Биндэръяа нарын амжилтаас товч дурдвал:

  • 2006,2007 онд өсвөр үеийн улсын аваргын алт, мөнгө, хүрэл медаль
  • 2009, 2010 оны Монгол Туургатан олон улсын тэмцээний багийн төрөлд мөнгө, хүрэл медаль
  • 2010 оны Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний баг, дан хос төрөлд алтан медаль, нэг бүрчилсэн төрөл алт, мөнгөн медаль.
  • 2010 оны Насанд хүргэгчдийн улсын аваргын Дан хос төрөлд алтан медаль
  • 2012 оны Бүх ард түмний Спартикатын багийн төрөлд хүрэл медаль
  • 2018 онд Монголын Ширээний Теннисний Холбооноос багшлах эрхээ авсан.

Б.Пүрэвдорж

Холбоотой мэдээ