П.БУЯНДЭЛГЭР МЧБХ-НЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР СОНГОГДЛОО 

2022-03-21 304 0

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ээлжит бус Их Хурал хуралдаж, Холбооны ерөнхийлөгчөөр Эрдэнэт ХХК үйлдвэрийн ерөнхий захирал Г.Бадамсүрэнг, ерөнхий нарийн бичгийн даргаар П.Буяндэлгэрийг хурлын төлөөлөгчид 100 хувийн саналаар сонгосон байна. Тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Цогтбаатар, дэд ерөнхийлөгчөөр П.Гансүх ( өмнөх ерөнхийлөгч), Батцоож нарыг, мөн удирдах зөвлөлийн 25 гишүүнийг сонгож баталжээ. Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагч, бөхийн зүтгэлтнүүдийн дунд олон жил үргэлжилсэн хагарал, маргалдааныг энэ ээлжит бус Их хурал таслан зогсоож, их эв эе нэгдлийг хангасан хурал боллоо гэж олон улсын шүүгч Басхүү үнэлсэн байна.

– Бөхчүүдийн дэлхий, олимпийн тавцанд гаргах амжилт нь холбооны эв нэгдэлтэй салшгүй холбоотой. Олон жилийн дараа Чөлөөт бөхийн холбоо нэг гарт зангидагдлаа. Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Цогтбаатар ч энэ үйлсэд их хүчин чармайлт гаргалаа. Энэ бол эвлэрлийн, хамтдаа урагшлах Их Хурал боллоо. Хоёрхон жилийн дараа Парис-2024 олимп болно. Чөлөөт бөх Монголын спортын топ төрөл байсан. Цаашид ч байх болно гэдгийг хурлын төлөөлөгчид илэрхийлсэнтэй санал нэг байна. Холбооны шинэ удирдлага эв нэгдлийг дээдлэн , бөхчүүдээ амжилт гаргах бүхий л бололцоогоор хангахын төлөө чармайн ажиллах болно гэж тус холбооны шинээр сонгогдсон ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Г.Бадамсүрэн хурлын төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ онцоллоо. Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон П.Буяндэлгэр нь холбооны гадаад харилцааны даргаар ажиллаж ирсэн туршлагатай. Тэрбээр өнгөрсөн онд Ази Тивийн Бөхийн Холбооны Хурлаас ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон юм. Энэ бол Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх олон улсын тавцанд сонгогдсон хамгийн өндөр албан тушаал аж.

No description available.

Б.ПҮРЭВДОРЖ

Холбоотой мэдээ