
Монголын домогт боксчин, “Сөүл-1988” олимпын наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нэргүйн Энхбат таалал төгсөж, спорт, олимпизмын гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиолоо.Н.Энхбат 1962 оны гуравдугаар сарын 19-нд Улаанбаатар хотноо төрсөн. Арван жилийн сурагч байхдаа гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн нөлөөгөөр боксын спорттой холбогдож байв. 1979 онд 17 настайдаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсанаас хойш тив, дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлөн тулалдах зам нь нээгджээ. 1984 онд Кубын Гавана хотноо болсон “Найрамдал-1984” тэмцээнд Кубын нэрт боксчин, олимпын хошой аварга А.Эррерад 3:2-оор ялагдан мөнгөн медаль хүртэж байв. 1986 онд Москва хотод болсон Сайн санааны тоглолтын хүрэл медальтай. Тэрбээр “Сөүл-1988” олимпын наадмаас Монголын багийн цорын ганц медалийг авчирсан төдийгүй чөлөөт бөх, жүдогоос өөр төрлөөр олимпоос медаль авсан Монголын анхны тамирчнаар тодорсон юм. Мөн 1989 онд Бээжин хотноо болсон Азийн АШТ-ий 63.5 кг-ын жинд түрүүлж байлаа.Тэрбээр улсын шигшээ багт 10 жил данстай явахдаа долоон жилд нь дэлхийн шилдэг боксчны жагсаалтын 3-7-р байрт бичигдэж байв. Н.Энхбат нь эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан алдарт тамирчнаас гадна спорт, олимпизмын нэрт зүтгэлтэн байсан бөгөөд 1999-2001 онд МҮОХ-ны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан билээ. Олимпын наадмаас медаль хүртэж буй торгон агшныг нь бахархан харж байсан “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан түүн зориулан “Тамирчны алдар” дуугаа зохиосон нь эдүгээг хүртэл Монголын тамирчдын сүлд дуу болон эгшиглэсээр байна. Н.Энхбатын Монгол орныхоо төлөө байгуулсан гавья, төлөв төвшин зан чанар, хүнлэг энэрэнгүй сэтгэл, уул шиг нөмөр нөөлөг Монголын спорт, олимпизмын их гэр бүлд үүрд үгүйлэгдэх болно.Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО
0 cэтгэгдэлтэй