МАНЧЕСТЕР СИТИ БАГИЙН АЗ ДУТЛАА, ДАХИАД Л…

2022-05-05 971 0
No description available.

Тоглолт Манчестер Сити-гийн ялалтаар өндөрлөлөө гэж бодогдож байв. Долоо хоногийн өмнө талбай дээрээ 4:3 -аар хожсон Манчестер Сити баг 73 дахь минутанд Махрезийн оруулсан гоолын ачаар тоглолтыг хошуучилж, гоолын зөрүүг хоёр болгож ахиулсан. Тоглолтын үндсэн цаг ч дуусаж байв. Пеп Гвардиолла сэлгээгээ зоригтой ч хийж, талбайн гол найруулагч Де Бруйн зэрэг гол тоглогчдоо ч суулгасан үе. Реал Мадридын тоглолт учраа алдаж, Сити хоёр ч гоолын боломжийг алдаад байв. Бүх талаар Сити давамгайлж байтал Родригогийн гоол тоглолтыг эргүүлчихэв. Үндсэн цагийн төгсгөлийн минутанд (90′) Бенземагийн дамжуулсан бөмбөгийг Родриго хаалгачаас өрсөж хатгаснаар багтаа боломжийг нээсэн. Түүнээс дөнгөж 1 минутын дараа, нэмэлт цагийн эхний минутанд нөгөө л Родриго хөндлөн дамжуулалтыг мөргөж гоол оруулснаар багаа хожигдлоос аварсан. Харин цаг сунгасны дараа Бензема 11 метрийн торгуулийн цохилтоос гоолдож, багтаа тэргүүлэл авчирсан ийм тоглолт боллоо. Хэдийгээр Пеп Гвардиолла багийн гишүүдээ сайн тоглосон гэж үнэлж буй ч, хаалгач Эдэрсон энэ хожигдлын гол буруутан юм. Тэрбээр тавын шугам руу Бенземагийн зөөлөн буулгасан дамжуулалтыг хатгаж зайлуулахын оронд барьж авахаар тосож хүлээж байгаад, Родригод хатгаж, гоол оруулах боломж олгосон. Хоёр дахь гоолыг хаахад хэцүү байж болох. Гэхдээ эхний гоолыг бэлэглээгүй бол хоёр дахь гоол орохгүй, улмаар нэмэлт цаг ч сунгахгүй байсан юм. Эдэрсон өнгөрсөн жилийн финалд ч алдаа гаргасан. Түүний өмнөх улиралд ч Тоттенхэм багт хожигдоход тэр л буруутай байсан. Ямар ч байсан Эдерсон хаалгачийг солихгүй юм бол МСИ баг Аваргуудын Лигт түрүүлэх байтугай, өөр бусад цомыг ч өргөхөд хэцүү болжээ. – Бид эхний хагаст муу тоглосон. Хоёрдугаар хагаст үгдсэн тоглолтоо гаргаж чадсан ч, төгсгөлийг муу хийлээ. Бүхэлд нь дүгнэвэл, тоглолтын төгсгөлийг хийж чадсангүй. Ийм л юм боллоо. Финалын босгонд тулж ирээд буцлаа. Биднийг хожсоноор Реал Мадрид финалдах эрхийг зүй ёсоор авлаа. Тэд Парис Сан Жермен, Челси багийг араас нь нэхэж хожсон. Тийм л зүйл манайд давтагдлаа. Гунигтай байна.. Багийн гишүүдээ буруутгахгүй. Тэд чадах бүхнээ зориуллаа гэж тоглолтыг дүгнэлээ. Ийнхүү энэ сарын төгсгөлөөр Испанийн аварга Реал Мадрид, Английн Ливерпуль багууд Францын нийслэл Парис хотод финалдах боллоо.

Холбоотой мэдээ