
Олон улсын жудо бөхийн Холбооны Мариус Визер ерөнхийлөгчийн эр зориг гаргасан шийдвэрийн хүчээр Оросын жудочид Улаанбаатар-2022 Их дуулгад оролцох эрхээ олж авсан. Тэд 2024 оны зуны олимпод оролцох эсэхдээ эргэлзэж буй ч, оноо олгох Их дуулгад оролцох боломжийг бүрэн дүүрэн ашиглахыг зорьцгоож байна. “Улаанбаатар- 22 Их Дуулга” тэмцээний хөнгөн жингийн эрэгтэйчүүдийн 66 кг-д хүрэл медаль хүртсэн ОХУ-ын Яго Абуладзе: – Тамирчин хүнд олон бэрхшээл тохиолддог. Өөрийгөө ялах л хамгийн хэцүү гэдэг үг ч хоцрогдлоо. Хамгийн хэцүү нь хориг юм байна. Тэр тусмаа улс төрийн зорилготой. Дайны үед ч тамирчдыг хориглож байгаагүй. Манай улсын олон сайн тамирчин улс төрийн золиос болж байгаад харамсаж байна. Азаар, холбооны ерөнхийлөгч маань АНУ, Европын холбоог сохроор дагасангүй. Гэвч маргааш юу болохыг тааж мэдэхгүй. Холбооны ерөнхийлөгч рүү ямар шахалт дарамт ирэхийг ч төсөөлөхгүй байна. Бидний хувьд спортоор амжилт гаргах нь чухал. Олимпод оролцох эрх авахыг л мөрөөдөж байна. Тиймээс энэ хориг тогтоосон үед миний авсан хүрэл медаль бол алтын үнэтэй. Бидэнд чансааны нэг ч гэсэн оноо чухал. Тэмцээнд хүрэл медаль хүртсэн тамирчинд 3000 ам. доллар олгож байна. Улаанбаатарын тэмцээний шагнал өндөр байгаа нь таалагдаж байгаа. Гэхдээ мэдээж гол нь мөнгө биш олимпод оролцох эрхээ олж авах нь хамгаас чухал гэж тэр Sportlife.mn -д тодруулга өглөө. Будапештэд зохиогдсон ДАШТ-д түрүүлж (2021), Европын аваргын мөнгөн медаль хүртсэн Яго Абуладзе нь Москвагийн орчмын жижиг хотод цагдаагийн албан хаагчаар ажилладаг байна. Тэрбээр өмнө нь 60 кг-д барилддаг байсан бол энэ удаагаас жин өгсөж барилдан хүрэл медалийн эзэн боллоо.
Э. ОТГОНЖАРГАЛ
0 cэтгэгдэлтэй