МАРАФОНЧ Б.МӨНХЗАЯАГИЙН ГЭМТЭЛ СЭДЭРСЭН ХЭДИЙ Ч БАРИАНДАА ОРЖЭЭ

2022-07-19 221 0

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Орегон-2022” хөнгөн атлетикийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн марафон гүйлтэд Монгол Улсын тамирчин Баярцогтын Мөнхзаяа 2:46:09 амжилтаар 30 дугаар байрт барианд орлоо.

Энэ зайд Этиофийн Г. Гебресласе 2:18:11 амжилтаар алт, Кенийн Ж. Корир 2:18:20 гүйж мөнгө, Израилийн Л.Салпетер 2:20:18-аар хүрэл медаль хүртлээ. Мөн АНУ-ын гурван тамирчин ( С.Холл – 5, И.Бэйтс – 7, К. Д’Амато – 8) эхний наймд гүйж, хөгжөөн дэмжигчдээ баясгав.

Б.Мөнхзаяагийн хувьд гараанаас гараад эхний хэдэн км-т толгой хэсэгт явсан ч хуучин бэртэл нь сэдэрч, хэмнэлээ алдаад эхэлсэн. Гэвч тэсвэр, тэвчээр, эрсдэл гарган бүтэн гүйж, бариандаа орлоо.

Марафонч Б.Мөнхзаяагийн араас Тайвань, Перугийн тамирчид барианд орж ирсэн байна. Мөн Эквадорын хоёр, Этиофийн хоёр, Их Британийн хоёр, Кени , Угандын тус бүр нэг тамирчин /нийт 8/ барианд орж чадсангүй замаас гарлаа. Японы нэг тамирчин мөн гараанаас гараагүй /Тэд бүгд ард бичигдэнэ/ хэмээн АНУ-аас спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/ мэдээллээ.

Холбоотой мэдээ