

Английн Премьер Лиг эхлээд нэг долоо хонолоо. Гурав дахь тойргийн тоглолт Манчестер Юнайтед- Ливерпуль багийн тоглолтоор өндөрлөнө. SPS телевиз уламжлалт ёсоороо дамжуулах болов уу ? гэж хүлээж байна. Одоогоор чимээ алга. Гурван тойргийн дараахи байдлаар Арсенал тэргүүлж, өнгөрсөн улирлын аварга Манчестер Сити удаалж явна. Сүүлийн таван улирлын дөрөвд нь түрүүлсэн Манчестер Сити баг гараагаа хоёр хожлоор эхлүүлсэн ч, гурав дахь тойрогтоо Нью Кастль багтай 3:3-аар хайнцлаа. – Бид өмнөх улирлуудын гараанд Ливерпуль багаас 5-7 оноогоор хоцорч явсантай харьцуулбал амжилттай. Нью Кастль бол тоглоход хүнд баг. Тэд яг л бейсболын тоглогчид шиг маш хүчтэй. Биеийн хөгжил сайтай. Хурд хүчтэй. Бид эхэндээ өөрийн тоглолтоо алдсан. Харин төгсгөл рүүгээ тоглолтондоо эргэн орж, өөрсдийнхөө үндсэн тоглолтыг үзүүлж байж тэнцлээ. Дараалсан 11 хожлыг минь Нью Кастль баг тасалж чадлаа. Гэхдээ энэ улиралд бид гарааныхаа эрч хүчийг алдахгүйн төлөө зүтгэнэ. Бидний хувьд 10,11, 12 саруудад маш сайн тоглодог уламжлалтай. Тиймээс түрүүлэх боломжоо эртнээс хангана гэж МС багийн дасгалжуулагч Пеп Гвардиолла 3:3-аар Нью Кастль багтай тэнцсэний дараа ВВС-д ярилцлага өгөхдөө зорилгоо тодорхойллоо. Харин Пепийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад Арсеналыг удирдах болсон Артета:- Гурван тойрог гурван хожил. Премьер Лигийг тэргүүлж буй цорын ганц баг. Хэдийгээр Арсенал төгс төгөлдөр тоглолтыг үзүүлэхэд хол байгаа ч ялалт бүхнийг өөрчилж чаддаг. Тоглогчдын сэтгэл санаа өндөр, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн хамгаас чухал. Бид өнгөрсөн улиралд Тоттенхэм багт, түүний өмнөх улиралд Челси багт дайруулж, Аваргуудын Лигт өрсөлдөх боломжоо алдаж байсан гунигтай түүхийг таслахын төлөө зүтгэнэ. Топ-4 багт шалгарахын төлөө сүүлчийн тоглолтуудад бүхнээ дайчлах биш, эхнээсээ л эхний дөрөвд баттай байр сууриа эзлэх нь чухал гэж тэрбээр үзлээ.

Ц.ЭНХБАТ
0 cэтгэгдэлтэй