Б.Энхзул: Дэвжээ бүр өөр мэдрэмж төрүүлдэг

2022-09-08 90 0

“Зууны мэдээ” сонины “Амжилтын эзэн” буландаа Чөлөөт бөхийн ОУХМ, Холимог тулааны спортын мастер, Хилчин спорт хороо, “999 цог” клубийн тамирчин Б.Энхзулыг урилаа.

-Та удахгүй болох Чөлөөт бөхийн их наадамд барилдана. Бэлтгэлээ хэр хангаж байна?


-Улсын хэмжээний тэмцээн болохоор амжилттай оролцохын тулд бэлтгэлээ сайн хийж байна. Нийслэлийн  есөн дүүрэг, 21 аймгаас  шалгарсан тамирчид өрсөлдөнө. Миний хувьд тус тэмцээнд өөрийн төрсөн нутаг Завхан аймгаа төлөөлж оролцоно.


-Таны жин 50 кг-т ямар хүчтэй өрсөлдөгч  байгаа вэ?


-Спортын тэмцээн өрсөлдөөнтэй байдаг. 2021 онд болсон Токиогийн олимпод оролцсон Ц.Намуунцэцэг өрсөлдөнө. Бас өөр олон мундаг  тамирчид бий. Тиймээс амжилт гаргахын тулд бэлтгэлээс гадна сэтгэл зүйгээ бэлдэж байна. 


-Дэвжээн дээр гарах үеийн сэтгэл зүй, мэдрэмжээсээ хуваалцаач?


-Дэвжээ бүр өөр мэдрэмж төрүүлдэг. Зарим үед догдлох, түгших үе байна. Гэхдээ аль болох төвлөрч тайван байхыг хичээдэг. Дэвжээнд гарахын өмнө өрсөлдөгчөө ажиглаж, дэвжээгээ харах үнэхээр сайхан. Эгч маань чөлөөт бөхөөр хичээллэдэг тамирчин. Тийм болохоор надад их түшигтэй үргэлж ойлгож, дэмждэг. Алдаа оноогоо ярилцаж, нэгэндээ зөвлөнө.


-Эгчтэйгээ хамт барилдахаас гадна холимог тулаанаар хичээллэдэг. Та хоёр спортын бэлтгэлээ хэрхэн зохицуулдаг вэ?


-Эгч бид хоёр өөрсдийн сонирхлоороо  чөлөөт бөх, холимог тулааныг сонгож хичээллэсэн. Чөлөөт бөхийн бэлтгэлээ өдөр бүр тогтсон цагаар хийдэг. Харин  тулааны бэлтгэлээ долоо хоногтоо гурван удаа байхаар төлөвлөсөн. Гэхдээ тэмцээн ойртохоор долоо хоногийн өмнөөс бэлтгэлээ эрчимжүүлдэг. 


-Тамирчны замналтай амьдралаа холбоод зургаан жил болж байгаа юм билээ. Энэ хугацаанд хувь хүн талаасаа ямар төлөвшилд суралцсан бэ?


-Миний хувьд анх чөлөөт бөхөөр хичээллэж эхлэхдээ зорилгоо тодорхойлоод орж ирсэн. Зорилготой хүн ямар ч бэрхшээлийг даваад гардаг. Спорт нь тамирчин хүнээс уйгагүй хөдөлмөр шаарддаг. Хөдөлмөрч байх нь амжилтын үндэс юм. Эргээд бодоход  тэвчээр холыг харах чадвар зэрэг тоочоод барамгүй олон төлөвшилд суралцсан. 


-Тамирчин хүний зорилго олимпод амжилт гаргах байдаг болов уу. Та бусад зорилгоосоо уншигчдад хуваалцаач?


-Дэлхийн бөхийн холбооны төлөвлөгөөний дагуу энэ сарын 26-30-ны өдрүүдэд Турк улсын Самсун хотноо зохиогдох Оюутны дэлхийн халз тулааны тэмцээнд улсаа төлөөлөн явах хүсэлтэй байгаа. Тус тэмцээндээ явахын тулд ивээн тэтгэх хувь хүн байгууллага олох бодол бий. Тамирчин хүн аливаа тэмцээн уралдаанд явахад санхүүгийн асуудал амаргүй. Цаашид хичээж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас медаль авах зорилготой. Холын зорилго гэвэл олимпод  амжилт гаргах. Цаг хугацааг зөвөөр ашиглаж өөрийгөө хөгжүүлэхдээ  анхаарч байгаа. Мөн холимог тулаанаар дэлхийд эх орныхоо нэрийг гаргах бодолтой явдаг. Цаашдаа өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ салбартаа сайн ажиллаж дэслэгч цолтой болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ