АРГЕНТИНЫ ШИГШЭЭ БАГ ФИНАЛ РУУ УЛАМ ДӨХЛӨӨ…

2022-12-02 715 2

Аргентины баг гараагаа тааруухан эхлэх тусам яван чангардаг түүхтэй. Өөрийн талбай дээрээ зохион байгуулсан ( Аргентин- 1978) ДАШТ- д мөн л хэсгийн хамгийн сүүлчийн тоглолтыг 6:1-ээр хожиж байж, бөмбөгний зөрүүгээр хэсгээс шалгарч байсан нь санаанд орж байна. Тэрхүү ДАШТ -ий финалд Голландын багийг 3:1-ээр хожиж тэд Дэлхийн аварга болж байсан. Тэгвэл ийм л түүх давтагдах нь уу гэж бодогдлоо.

Энэ удаад Аргентины баг 2:1-ээр Польшийн багийг хожиж байж хэсгээсээ нэгээр шалгарч, фанатуудаа баярлууллаа. Шигшээ 16-д оноолт таарсан Австралийн багийг тэд хожно гэдэгт хөлбөмбөгийн мэргэжилтнүүд эргэлзэхгүй байна. Английн Премьер Лигийн тоглогч Алексей Алистер, Жудиан Алварез нарын оруулсан гоолын ачаар шигшээ 16-д шалгарсан Аргентины баг финал руу дөхөх шийдвэрлэх алхмаа хийлээ.

– Хасагдах шатны эхний тоглолтыг бид хийх боллоо. 72 цагийн дараа гэдэг бол дэндүү богино хугацаа. Тоглолт шөнийн 01.00 цагт дууссаныг тооцвол тамирчдад амрах, сэргэх хугацаа алга. Хэдийгээр нөхцөл хүнд ч, тоглохоос өөр арга алга гэж Аргентины дасгалжуулагч Скалони дургүйцлээ илэрхийллээ.

Польшийг заавал хожих ёстой тоглолтонд Месси 11 метрийн торгуулийн цохилтыг алдсаныг сэтгүүлчид үргэлж сануулах болно . Энэ талаар: – Маш хүнд дарамттай торгуулийн цохилт. Хүчтэй л цохисон. Тийм чухал үед гоол оруулж чадаагүйдээ, өөртөө маш их уурласан. Харин аз болоход, багийнхан маань миний алдааг залруулж чадлаа. Хэрвээ баг маань хасагдсан бол ямар хэмжээний дарамт үүсэх байсан нь ойлгомжтой. Тэр алдаа насан туршид намайг сүүдэр мэт дагах байлаа. Аз болоход тийм зүйл тохиолдсонгүй гэж Месси сэтгэлээ нээлээ.

Шигшээ 16-д Аргентинтай таарсан Австралийн шигшээ баг ДАШТ -ий Хасагдах шатны тоглолтонд түүхэндээ хоёр дахь удаагаа шалгарч буй нь энэ.

– Аргентины эсрэг тоглоно гэдэг маш хүнд гэдгийг ойлгож байна. Тэглээ гээд бид сүрдэж, бууж өгөхгүй. Нөгөө талаас ДАШТ-д Аргентинтай таарна гэдэг бол их хувь заяа. Бид ч гэсэн жуулчны хувиар ирээгүй гэдгээ харуулна. Нөгөө талаас бидэнд алдах зүйл байхгүй гэж Австралийн багийн хагас хамгаалагч Брайтон хэллээ. Тэд хэсгийн сүүлийн тоглолтонд Дани улсын багийг 1:0-ээр хожиж, мэргэжилтнүүдийн тааврыг эвдсэн юм.

Ц.ЭНХБАТ

Холбоотой мэдээ