Филиппиний Манила хотод 3х3-ийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж олон  улсын хэмжээний мастер Д.Дэлгэрням ахлагчтай Монгол Улсын шигшээ “С” хэсэгт хоёрдугаар байр эзэлж шилдэг наймд шалгарлаа.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцож буй Монголын баг эхний тоглолтдоо Канадын шигшээ багт 21:15-аар хожигдсон ч тэмцээнийг зохион байгуулагч Филиппиний багийг 21:17-оор хожсон. Шийдвэрлэх тоглолтуудад манай тамирчид алдаа гаргасангүй. Сагсан бөмбөгийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн болох ОХУ, Бразилийн багуудыг илүүрхэж тэмцээнээ үргэлжлүүлэх боломжоо хадгалж чадсан юм.

Монголын шигшээ баг энэ шатанд  дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн багтай тоглохоор оноолт таараад байгаа юм. Тоглолт Өнөөдөр Улаанбаатарын цагаар 12:50 цагаас явагдах хуваарьтай байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг наймд Серби, Латви, Польш, Словени, Украйний багууд шилдэг наймд шалгарч үлдээд байна.  2020 оны олимпийн наадмын хөтөлбөрт багтаад буй 3х3-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцвол олимпийн наадамд анх удаагаа багийн спортоор хүч үзэх хаалга нээгдэх юм.

 

 

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.