Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 41, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн амралтын өдрүүдэд  “Спортын төв ордон”-ы “А” зааланд болж өндөрлөлөө. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн аварга, олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумьяа, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт М.Уранцэцэг, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нараар манлайлуулсан 28 байгууллагын 330 гаруй тамирчин хүч үзсэн юм. Харин олимпийн наадмын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Г.Болдбаатар нар улсын аваргыг өнжсөн байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д хамгийн олон буюу 51 тамирчин барилдаж самбо бөхийн улсын дөрвөн удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин Г.Мөнхбат анх удаагаа жудо бөхийн улсын аварга болсон юм. Тэрээр алтан медалийн төлөөх барилдаанд “Увс нуур” дэвжээний тамирчин Ч.Тогтохжаргалыг ялжээ. Энэ жинд хүч үзсэн гавьяат тамирчин Д.Амартүвшин шөвгийн наймд шалгарч ОУХМ О.Чинбатад ялагдаж аваргын төлөөх өрсөлдөөнөөс хасагдсан юм. Өнгөрсөн жилийн улсын аварга Ж.Амарболд хоёрдугаар тойрогт өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Л.Өнөболдод хоёр ваззари үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ. Энэ жинд хүрэл медалийг гавьяат тамирчин Д.Амартүвшин, Л.Өнөболд нар зүүжээ.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д 28 бөх барилдаж “Сүлд” спорт хорооны тамирчин мастерс тэмцээний аварга олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн гурав дахь удаагаа улсын аварга боллоо. Мөнгөн медалийг “Алдар” спорт хорооны тамирчин армийн дэлхийн аварга А.Батсуурь зүүсэн байна. Энэ жинд Хэнтий аймгийн тамирчин Д.Очирдорж гол дуулианыг тарьж алтан медалийн тааварт байсан Азийн аварга Д.Алтансүхийг эхний даваанд хожсон юм. Харин Универсад наадмын дэд аварга Б.Эрхэмбаяр хагас шигшээд шалгарсан ч А.Батсуурьт ваззари үнэлгээгээр ялагдаж “ганзага хоосон гэртээ харихаар болж байна. Энэ жинд хүрэл медалийг “Эрч” спорт клубийн тамирчин Н.Мөнхбаяр, Багахангай дүүргийн Б.Сумьяабазар нар зүүжээ.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д жүдо сонирхогчид шинэ гавьяат Г.Одбаярыг алтан медаль зүүнэ гэж таамаглаж байсан  ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд залуу мастер Ц.Цогтбаатарт хожигдсон юм. Гол өрсөлдөгчөө ялсан Ц.Цогтбаатар ч торсонгүй. Алтан медалийн төлөөх барилдаанд Б.Батболдыг босоо үүрэх мэхээр цэвэр  хожиж  хоёр  дахь удаагаа насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлсэн юм.

81кг-ын жинд Азийн наадмын аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрын шагналт О.Ууганбаатарыг зогсоох хүн байсангүй. Түүний гол өрсөлдөгч Азийн аварга Н.Дагвасүрэн Арабын нэгдсэн эмиратын нэр дээрээс барилдахаар болсон тул улсын аваргыг өнжсөн юм.

90кг-ын жинд дэлхийн Олон улсын хэмжээний мастер Г.Алтанбагана насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүллээ. Тэрээр алтан медалийн төлөөх барилдаанд улсын арслан Ө.Эрдэнэ-Очирын зээ хүү Б.Бат-Эрдэнийг цэвэр ялсан юм.  Энэ жинд хүрэл медалийг Н.Мөнхжаргал, Р.Анхбаатар нар хүртжээ.

-100 кг-ын жинд Парисын Их дуулгын аварга Л.Отгонбаатар улсын аваргад хоёр дахь удаагаа түрүүлсэн бол дэлхийн оюутны универсад наадмын мөнгөн медальт Б.Жанчивдорж мөнгөн медаль зүүсэн юм. Хүрэл медалийг Хэнтий аймгийн тамирчин Д.Цэрэнням, Л.Энхтүвшин нар зүүсэн юм.

Харин эрэгтэйчүүдийн +100 кг-д залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр хоёр дахь удаагаа түрүүлжээ. Ө.Дүүрэнбаяр алтан медалийн төлөөх барилдаан “Сүлд” спорт хороон дарга А.Даваанямыг  дутуу хавирахад нь сууж үүрээд цэвэр ялжээ. Сонирхуулахад улсын арслан Н.Батсуурь энэ жинд хүч үзсэн ч эхний даваанд Ө.Дүүрэнбаярт цэвэр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д таамаглаж байсанчлан гавьяат тамирчин М.Уранцэцэг дөрөв дэх удаагаа түрүүлсэн бол 52 кг-д Хилчин спорт хорооны тамирчин Г.Ганцэцэг анх удаагаа улсын аварга болжээ. Энэ жингийн лидерүүд болох А.Цолмон, Ч.Аззаяа нар байж байж боломгүй алдаа гаргаж жингээр хасагджээ.

Харин эмэгтэйчүүдийн -57 кг-д дэлхийн аварга Д.Сумьяа улсын аваргад долоо дахь удаагаа түрүүлсэн бол “Чингис хаан” гран пригийн аварга Л.Энхрийлэн Ц.Хуланг хожиж мөнгөн медаль зүүх болзлоо хангажээ.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, олон улсын хэмжээний мастер Б.Ганхайч нар алтан медалийн төлөө барилдаж Б.Ганхайч хожиж гурав дахь удаагаа улсын аварга боллоо.

Улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг жүдоч буюу “Иппон тропи”-гийн эзнээр эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд аваргалсан Г.Мөнхбат, эмэгтэйчүүдээс 48 кг-д түрүүлсэн М.Уранцэцэг, шилдэг шүүгчээр олон улсын шүүгч Т.Энхцэцэг нар шалгарав.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв дасгалжуулагчтай ШШГЕГ-ын “Сүлд” улсын аваргаас дөрвөн алт, нэг мөнгөн  медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлсэн бол Д.Батсайхан дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны нэгдүгээр баг  мөнгө, ОУХМ П.Нямлхагва дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны хоёрдугаар баг хүрэл медалийн эзэн болсон юм.

Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат тамирчин Д.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо ( тэргүүлж, Г.Саранзаяа дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг, “Женко” клуб, ОУХМ П.Нямлхагва дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо удаалжээ.

 

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.