Шинэ Зеланд Улсын Оакланд хотноо, энэ оны дөрөвдүгээр сарын 21-29-ний өдрүүдэд Дэлхийн Мастеруудын 9 дэх наадам болно. Мастеруудын 9 дэх наадамд Монголын хөнгөн атлетикийн тамирчин Т.Цэрэндолгор, Н.Эрдэнэчимэг, хүндийн өргөлтийн тамирчин Ц.Оюунчимэг, Ш.Лхагва нарын ахмад тамирчид болон хөнгөн атлетик, дугуй, хүндийн өргөлт, сагсан бөмбөг, паралимпийн төрлөөр Монгол Улс оролцоно. Тус наадамд оролцох тамирчдыг Шинэ Зеланд улсад болох наадамд үдэх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болов.

​- Энэхүү наадам нь олимпийн циклтэй ижил 4 жил тутамд зохиогддог байгууллагддаг болохыг Монголын Мастеруудын Биеийн Тамир Спортын Хорооны дарга Наранбаатар тодотгож, мастеруудын олимпод амжилттай оролцож, эх орныхоо далбааг өндөрт өргөхийг тамирчдадаа хүсэн ерөөлөө. Шинэ Зеланд улсад болох Дэлхийн мастеруудын IX наадамд 165 орны 28,000 ахмад тамирчид спортын 28 төрлөөр өрсөлдөх юм байна. Зохион байгуулалтын ажлыг тус холбоо хариуцаж буй юм байна.

Харин төрийг төлөөлж, БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газраас Дэлхийн Мастеруудын наадамд оролцох баг тамирчдыг жигд хувцасаар хангаж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн тамирчдад амжилт хүсэж төрийн далбааг ёслол төгөлдөр гардуулав. ​Энэхүү ёслолын үйл ажиллагааны үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газар, Монголын Мастеруудын биеийн тамир, спортын хороо хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр 35-аас дээш насны зодог тайлсан ахмад тамирчид болон нийт ахмад настануудын дунд биеийн тамир, спортоор хичээллэх, үйл ажиллагааг улсын хэмжээнд хамтран зохион байгуулах, дэмжиж харилцан үр дүнтэй хамтран ажиллахаар тохиролцон баталгаажуулсан байна.

П.ДАШДОРЖ