Баянхонгор Ирвэсүүд, Ховд Мон-Алтиус багтай хүч үзэв. Тоглолтын эхнээс Ховд Мон-Алтиус багийн БНАСАУ-ын легионер тоглогч Сим Кум Бёл тун гайхалтай байлаа. Харин Ирвэсүүдээс С.Эрдэнэдалай шилдэг тоглолтоо гаргаж байв. Эхний хагаст Ховд Мон-Алтиус давамгайлсан юм.

Хоёрдугаар үеийн дараагаар туршлагатай, дайчин тоглодог Сим Кум Бёл 20 оноо авсан бол Төгсцогт 100 хувьтай довтолж, 15 оноо авав. Ирвэсүүдээс С.Эрдэнэдалай 20 оноо авчээ. Гуравдугаар үеийн эхлэлийг Ховд Мон-Алтиус тун сайн хийж, онооны тэргүүллээ баталгаажуулсан юм. Харин энэ үеийн төгсгөлийг Ирвэсүүд сайн тавьсан. Оноо ойролцоо үед Ховд Мон-Алтиус багаас Б.Дархантөгс сайн тоглосон бөгөөд Моррис багийнхаа тоглолтын төгс найруулж байлаа.

Ийнхүү Ховд Мон-Алтиус өрсөлдөгчөө 102:87-гоор хожин улирлын гурав дахь ялалтаа авав. Сүүлийн хагаст онцгой тоглосон Батболдын Дархантөгс 22 оноо, 8 самбар, 7 оновчтой дамжуулалт өгч, тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдэв. Багийн андуудаас нь Сим Кум Бёл 23, Төгсцогт 20, Брэндон Моррис 19 оноо, 17 оновчтой дамжуулалт, 6 самбар, 6 бөмбөг таслалт хийж, жигд тоглолт үзүүллээ. Харин Ирвэсүүдээс С.Эрдэнэдалай 28 оноо, 9 самбар, Энхтайван 18, Үлэмж 17 оноо, 11 самбар авсан байна. Довтолгоо зонхилсон тоглолтод Ховд Мон-Алтиус илүүрхсэн бөгөөд 58 хувьтай довтолсон юм. Мөн тэд багаараа тун сайн ойлголцож, нийт 33 оновчтой дамжуулалт өгчээ.

МҮСБХ