Монгол Улсад зохиогдох “Азийн Хөлбөмбөгийн Холбоо”-ны 16 болон 19 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний сугалааны үйл ажиллагаа өнөөдөр Куала Лампур хотноо явагдлаа. Ирэх есдүгээр сарын 16-24-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдах Азийн 16 хүртэлх насны АШТ-нд манай шигшээ баг “I хэсэг”-т Вьетнам, Австрали, Комбаж гэсэн улсуудтай багтсан юм. Мөн 10-р сарын 31-аас 11-р сарын 08-ыг хүртэлх Улаанбаатар хүртэлх Азийн 19 хүртэлх насныхны АШТ-нд Монголын шигшээ баг Япон, Тайланд, Сингапур гэсэн хүчирхэг улсуудтай мөн “I” хэсэгт тоглохоор боллоо.

Ийнхүү Монгол Улсын хөлбөмбөгийн 19 болон 16 хүртэлх насны шигшээ баг нутагтаа зохиогдох тэмцээнд Азийн шилдгүүдтэй хүч үзэж, туршлага судлах боломжтой боллоо. Энэхүү тэмцээнд Азийн ХБХ-нд бүртгэлтэй 47 орноос 45 нь орж байгаа тул энэ том тэмцээнд оролцож, нутагтаа зохион байгуулахаараа онцлогтой юм. Манай улсын 16, 19 хүртэлх насныхан ийнхүү Азийн АШТ-нд оролцохоос гадна насан хүрэгчдийн шигшээ баг ирэх найм, есдүгээр саруудад чансаа ахих нөхөрсөг тоглолтод оролцох болно.

О.ДАШНЯМ