Манчестер Юнайтед зорилгодоо хүрэхэд ганцхан алхам үлдлээ. Финалд учраа таарсан Аяксыг ялж чадваас тэд цомоо өргөх болно. Финалд үлдэхийн төлөөх хариу тоглолтууд туйлын хүндхэн болсон. Хасагдсан Лион гэхэд л 3:1-ээр Аяксыг талбай дээрээ бут ниргэсэн. Өмнөх тоглолтоо 3:0-ээр хожиж, айлын талбайд 1 гоол оруулсны хүчээр Аякс финалд шалгарсан.

Тэгвэл нөгөө тоглолтод Манчестер Юнайтэд 1:1 Селта багтай нутаг дээрээ тэнцсэн. Дахин нэг гоол алдсан бол мөн л хасагдах байсан учир бас л хүндхэн төгсгөлтэй учирсан. Гараа сайн бол бариа сайн гэдэг л болсон. Өмнөх тоглолтод Селта-г талбай дээр нь 0:1 харьцаагаар хожсоны үр шимийг Манчестер Юнайтед хүртэв. Нутаг дээрээ тэнцсэн ч, нийлбэр дүнгээрээ финалдах эрхийг тэд авсан. Тэднийг одоо Аякс хүлээж буй. 1997 оноос хойш европын цомын аваргад тэд сураггүй болсон. Харин 20 жилийн дараа Аякс дахин гялалзаж эхэлсэн нь энэ. Маш залуу, хурдтай, зоригтой баг гэж мэргэжилтнүүд Аяксыг үнэлж буй. Гэхдээ энэ тавдугаар сарын 24-ний өдөр Шведийн Стокгольм хотод болох финалд Манчестер Юнайтедыг хожно гэдэг дээр хөлбөмбөгийн мэргэжилтнүүд нэгдэж байна. Хамгаалалт нягт, холбогчид сайтай, довтолгоон муугүй Манчестер Юнайтед багийг 1:0 харьцаагаар хожно гэсэн таамаглалыг ихэнх хэвлэлд бичих болов.

Жозе Моуриногийн хувьд нэгэнт Премьер Лигэд эхний 3-т шалгарахгүй нь тодорхой болсон учир Премьер Лигийн төгсгөлийн тоглолтод тэгтлээ анхаарахаа больсон. Тэр Европа Лигийн аваргын цомыг өргөхийн тулд тамирчдаа ч нөөж эхэлснийг мэргэжилтнүүд анзаарчээ. Манчестер Юнайтед бол өмнө нь Аваргуудын Лигэд л аваргуудтай хүч үзэж байснаас заан, арслантай цом хөөцөлдөж байгаагүй. Тиймээс энэ жилийн Европа Лигэд өрсөлдсөн боломжоо ашиглаад цом өргөхийг Жозе хүсэж байна. Европа Лиг бол эрэмбээрээ Аваргуудын Лигийн дараа ордог Европын нэр хүндтэй тэмцээн гэдгийг сануулахад илүүдэх юун.

Э.ЛХАГВАСҮРЭН