Италид болсон сонирхогчдын Дэлхийн аваргаас 17-хон настай монгол хүү мөнгөн медаль хүртсэнээс хойш дэлхийн боксын мэргэжилтнүүдийн хараанд Төгсцогт өртсөн гэдэг. Риогийн олимпоос их зүйл дуулгана гэдэг хүлээлт байсан учраас түүнийг мэргэжлийн бокс руу шилжих болсонд хүмүүс олноор харамссан. Харин тэр эргэлт буцалтгүй шийд гаргасан болохоо дуулгаад, мэргэжлийн боксын ертөнцийг зорьсон. Тэр одоогоор 7 тоглож, тоглолт бүрээ хугацаанаас нь өмнө дуусгаж промотеруудаа баярлуулж байна.

Нийтдээ 17 раунд тоглосон гэдэг үзүүлэлт бий. Энэ бол өрсөлдөгчөө 3 раунд ч тоглуулалгүй нокаутанд оруулж байсан гэсэн үг. Мэргэжлийн боксод нусгай хүүхэд зодоглодоггүй учир энэ бүх ялалт нь Төгсцогтын хэн гэдгийг илтгэж байна гэж мэргэжлийн хүрээнийхэн дүгнэх болжээ. Тоглолт эрт дуусаад буй учир Төгсцогтод хэцүүхэн өрсөлдөгч сонгох болсон тухай мэдээлэл байна.

Түүний ээлжит учраагаар Енифел Винсенте гэгч Доминикан эрийг сонгосон аж. Энэ бол амархан унадаггүй буюу цохилт сайн даадаг, өөрөө сайн довтолдог гэж түүнийг онцолжээ. Энэ тулаан энэ сарын 14-нд болохоор тов нь гарсан байна. Чансаагаараа 60-д бичигдэх Винсенте нь 35 тоглолт хийж 32 ялсан арвин туршлагатай нэгэн байна. Мэргэжлийн боксод 10 жил тоглож буй ч Төгсцогтоос чансаагаараа ердөө л 10 хүний өмнө бичигджээ. Энэ тоглолтын дүнгээс хамаарч Төгсцогтыг Дэлхийн аваргын төлөө тоглуулах эсэхийг шийднэ гэсэн ам дамжсан яриа түгжээ.

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу