Анхдагч алдартнуудын өлгий нутаг Булган хангай хэзээнээсээ хүчит бөхчүүдээрээ алдартай. Улсын дархан аварга Б.Түвдэндорж, Улсын гарди И.Доржсамбуу, Улсын заан Д.Баасандож, М.Өсөхбаяр нарын бөхүүдийн залгаж гарч ирж буй хүчтэн бол Гурванбулаг сумын харьяат Улсын начин Бат-Өлзийн Бат-Эрдэнэ. Тэрээр Ардын хуьсгалын 96 жилийн ойн их баяр наадамд амжилттай барилдаж тав давж улсын цолтны өнөр бүлд багтсан. Энэ удаа шинэ начин Б.Бат-Эрдэнэтэй ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

-Баяр наадамдаа амжилттай барилдаж улсын начин цол хүртсэн танд баяр хүргэе. Таны төрж өссөн нутаг бага насны ярилцлагаа эхэлье

-Баярлалаа. Миний бага нас  Булган аймгийн Гурванбулаг суманд өвөө эмээ, дээрээ өнгөрсөн. 1993 онд сургуульд орч 2003 онд 10 жилээ төгсч байлаа. Зуны амралт эхлэхээр л хөдөө явах дуртай хүүхэд байсан.

-Үндэсний бөхтэй хэрхэн холбогдож байв. Энэ сонголт хийхэд юу нөлөөлсөн бэ?

-Миний аав Бат-Өлзий гэж хүн бөхийн барилдаан бараг алгасалгүй үздэг  их сонирхолтой хүн. Би аавыгаа дагаж үзсээр байгаад л монгол бөхөд дуртай болсон. Тэрнээс биш хэн нэгэн бөх бол гэж намайг албадаагүй өөрийн дур  сонирхлоороо л үндэсний бөхтэй амьдралаа холбосон.

-Анх үндэсний бөхийн ямар цол хүртэж байсан бэ?

-2004 онд 19 настай жоохон хүүхэд Гурванбулаг сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байсан. Тухайн үед  ид сайн барилдаж байсан Дэнзэнжамба, Шижээ гээд сумын заан ах нарыгаа давж цолд хүрээд сэтгэл их хөдөлж байсан шүү.  Дараа жил нь аймгийнхаа наадамд  өсөх идэр начин Э.Энхбаттай   үлдэж үзүүрлээд аймгийн заан болсон. Заан болохдоо бүх барилдаандаа тунаж барилдсан болохоор эргээд бодоход сайхан байдаг.

-Улсын наадамд хэд дэх жилдээ барилдаж цолд хүрж байна вэ. Анх улсын наадамд ямар амжилттай барилдаж байв?

-Улсын наадамд ес дэх жилдээ барилдаад начин болж байна даа. Энэ хугацаанд наадмын гурав дөрвийн даваанд олон ч удаа өвдөг шороодсон. Улсын цолны өндөр босгыг амсаж байж л үр шимийг нь үзлээ. Анх улсын наадамд  зодоглохдоо Төв аймгийн арслан Б.Дамбаар хоёр даваад, гуравын даваанд улсын заан Б.Соронзонболдтой тунаж барилдаад тахим өгч байсан.

– Хоёулаа өнгөрсөн наадмын талаар ярилцья. Начин цол хүртэхдээ хийсэн барилдаануудын талаар ярихгүй юу. Ялангуяа хоёрын давааны талаар. Энэ даваа аймгийн арслангуудын хувьд оноолт хатуу таардаг шүү дээ.

-Тийм шүү. Хоёрын даваанд улсын цолны төлөө зүтгэж байгаа залуус хоорондоо нугарч барилддаг учраас хатуу байдаг. Би ч гэсэн энэ даваанд унаж байсан удаатай. Энэ жилийн тухайд  Төв аймгийн арслан Б.Энхбаатартай таарч барилдаж золгож барилдаад давсан.  Гуравын даваанд өнгөрсөн жил тунаж начин болсон Дорнодын Д.Анар Ч.Хөхчирэнгэр, Ш.Пүрэвгарьд бид гурваас намайг амласан. Залуу начинтай өөрийнхөөрөө барилдаад л давсан. Миний хувьд гурвын даваанд шинэ начингуудтай юм уу эсвэл шилдэг аймгийн арслангуудтай тунаж барилдах болов уу гэсэн тооцоотой байсан. Оноолтын даваанд нутгийн заан М.Өсөхбаяртай барилдсан. Барилдахад хүнд байсан Өсөхөө маань дээшээ барилдах боломжтой. Миний хувьд улсын цолны төлөө зүтгэж байгаа. Тэгээд би давж тавын даваанд улсын харцага Ө.Даваабаатараар давж улсын начин цол хүртсэн. Энэ цолд хүрэхийн тулд олон жил хөдөлмөрлөсөн болохоор их баярласан шүү.

-Зургаагийн даваанд аварга С.Мөнхбаттай өөрийнхөө барилдааныг төдийлөн гаргаж чадалгүй унаж байгаа харагдсан. Цолондоо ханасан тал байгаа юу?

-Их хөлс хөдөлмөрийн үр шимээ үзсэн болохоор сэтгэл их хөдөлсөн. Тэгээд харцага цолны төлөө хариуцлагатай барилдаан төвлөрч чадаагүй тал байгаа. Хөөрчихсөн хүн чинь явж барилдаж чаддаггүй юм байна лээ. Зүгээр зогсож байгаад л унасан. Гэхдээ аварга ч С.Мөнхбат аварга ч бэлтгэл сайтай байсан. Нэг цаг үед хамт аймгийн заан цолтой барилдаж байсан бөх маань аварга болоход нь баярлаж байсан шүү.

-Наадмын урд шөнө  тайван унтаж амарч чадсан уу. Аймгийн цолтнуудын хувьд оноолтоо тооцоолж барилдаанаа төлөвлөөд их неревтдэг гэдэг шүү дээ.

– Тийм тал байдаг. Энэ жилийн тухайд барилдаан бодоод неревтэж өөрийгөө зовоогоогүй ээ. Өнгөрсөн жилийн турш бэлтгэл сайтай байсан учраас өөртөө итгэлтэй байсан. Ер нь бэлтгэл гүйцэд хангагдаагүй, үед л биеэ барьж өөрийн барилдаанаа гүйцэд гаргаж чаддаггүй юм шиг санагддаг. Өмнөх жилийн наадмуудад бэлтгэл бага зэрэг дутуу байхад санасанаараа барилдаж чадалгүй гүйцэд төвлөрч чадалгүй унах тохиолдол байсан.

– Энэ жилийн наадамд таны хийсэн барилдаануудыг ажиглахад арга барилаа бага зэрэг өөрчилсөн нь ажиглагдаж байсан. Шийдвэрлэх барилдаануудаа шуудагны барьцнаас хийж байгаа харагдсан. 

-Урд жилийн наадмуудад өвдөг шороодсон барилдаануудаа харахад яарч барилдаад хариу мэнхэнд орч өвдөг шороодсон байсан. Энэ жилийн тухайд багш нартайгаа зөвлөөд бэлтгэлээ золгоо, барьц сонгооноос голлож хийсэн. Энэ маань ч үр дүнгээ өглөө гэж  бодож байна.

– Та улсын наадмын бэлтгэлээ хаана базаасан бэ?

-Манай “Булган Хангай” дэвжээний бөхчүүд Дугана хаданд “Ар Монгол Трэйвел” амралтын газар бэлтгэлдээ гарсан. Сониноос наадмын бэлтгэлд манай гэрт байсан бөхчүүд Ц.Цогтжаргал ахаас бусад нь бүгд цолоо ахиулж сайхан наадсан. Би улсын начин болсон бол аймгийн начин Х.Цогтгэрэл дүү маань аймагтаа түрүүлж арслан болсон. Мөн аймгийн харцага П.Даваадорж Говьсүмбэрийн наадамд үзүүрлэж аймгийн заан болсон бол Батням гээд залуу Булган аймгийн наадамдаа зургаа давж аймгийн харцага цолд хүрсэн. Мөн галд ирж хэдхээн хоног бэлтгэл хийгээд гэрт хамт хоноод явсан хоёр залуу маань сумын заан цол хүртсэн сураг дуулдсан.

-Та анх ямар улсын цолтой бөхийг өвдөг шороодуулж байсан бэ?

-Хамгийн анх улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу ахыг заалны барилдаанд давж байсан. Начин дүүтэйгээ таарчлаа гээд инээгээд ирэхээр нь хөлд нь ороод хаячихаж байсан. Маргааш нь бэлтгэл дээр нэлээн нухуулсан шүү.

-Тань шиг улсын цолд хүрэхээр хөдөлмөрлөж буй олон залуус байгаа. Тэдэнд хандаж юуг зөвлөх вэ?

-Бэлтгэлээ сэтгэлээсээ хийсэн хүнд наадмын дэвжээ хэзээ нэгэн цагт ивээлээ заавал хайрладаг. Миний хувьд өнгөрсөн жил начны даваанд Б.Пүрэвсайхан заанд унаад маргаашнаас нь л бэлтгэлдээ орсон. Нэг жил ч хурдан өнгөрсөн байна. Миний хувьд ч бэлтгэлээ хангалттай сайн базаасан учраас улсын цолны өнөр бүлд багтлаа. Өөрийнхөө төлөө хөдөлмөрлөөд сайн бэлтгэлээ хийвэл амжилтанд хүрнэ дээ.

– Начин гэр бүлээ танилцуулаач

-Миний гэргийг Б.Даваасүрэн гэдэг. Бид хүү охин хоёртой. Охин маань найман настай харин хүү одоо ой хүрч байна даа.

-Бөхийн жудаг гэдэг зүйл таны ойлголтоор

-Монгол бөхийн жудаг гэж их өргөн ойлголт л доо. Наад зах нь бөхийн гараа, дэвээгээ сайхан хийхээс эхлэх болов уу. Тэгээд ах цолтнуудаа сайхан хүндэлдэг, дүү цолнууддаа сайн үлгэр дууриал үзүүлдэг хүнийг л хэлнэ. Мөн барилдааны үед уначихаад маргаад байдаг хүнийг жудагтай бөх гэхгүй. Бөх хүн унасан давсан аа мэддэг.

-Таны дотор хамгийн үлдсэн дурсамжтай барилдаануудааасаа дурсахгүй юу ?

– Санаанаас гардаггүй баярласан бас харамсалтай олон барилдаан байдаг шүү. Анх аймгийн заан цол хүртсэн барилдаануудаа эргээд дурсаад сайхан байдаг. Аймгийн заан Б.Болдбаатар, аймгийн арслан Батмөнх, аймгийн начин Мөнхбат гээд олон хүчтэй бөхчүүдтэй тунаж барилдаад давж үзүүр түрүүнд үлдээд өсөх идэр начин Э.Эхбатыг тойргийн начин цолтой байхад нь өвдөг шороодоод үзүүрлэж байлаа. Мөн 2014 оны улсын наадмын дөрвийн даваанд улсын гарди Ж.Бат-Эрдэнэтэй барилдахдаа барьц сонгож мордож дайраад давчихлаадаа гээд баярласан чинь хөмрүүлээд дээшээ харчихсан хэвтэж байсан. Их хармсалтай бас сургамжтай барилдаан болсон шүү.

-Шинэ начин  цолныхоо найрыг хэзээ хийхээр төлөвлөж  байна вэ?

-Цолныхоо мялаалга наадмыг ирэх сарын 11-нд өвөө Л.Тогмидынхоо 100 насны ойтой хамтатгаад Гурванбулаг сумандаа хийхээр товлоод байна. Миний хувьд Ц.Цогжаргал ахаас хойш нутгаасаа 12 жилийн дараа сумаасаа улсын цол хүртэж байна.  Цолны мялаалга  наадмыг маань Гурванбулаг сумын ЗДТГ, “Хишиг Арвин Индустрал” компани хамтарч зохион байгуулж байгаа. Энэ дашрамд намайг үргэлж дэмждэг “Хишиг Арвин Индустрал” компанийн хамт олон ,Г.Өсөхбаяр даргатай “Алдар” спорт хорооны нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.

-Танд спортын амжилт хүсье.

 

 

О.ДАШНЯМ