Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын нийслэл Парист үргэлжилж байна. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаанууд явагдсан юм.

60 кг-ийн жинд 2014 оны Азийн АШТ-ний мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн алт, хүрэл, Польшийн нээлттэй тэмцээн ОУТ-ний алт, хошой мөнгө, Сассаригийн ОУТ-ний алт, Чувашийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын нээлттэй тэмцээний хүрэл, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ний хүрэл, “Mongolia Open” ОУТ-ний улсын гурван удаагийн аварга ОУХМ Баатаржавын Шоовдор шагналт тавдугаар байрт оров.

Гурав дахь удаагаа ДАШТ-нд зодоглосон Б.Шоовдор Парисын дэвжээнд хэсгийг тэргүүлэн барилдсан бөгөөд эхлээд гоц мөргөсөн. Харин шигшээ наймын барилдаанд “Рио-2016” олимпийн наадмын аварга Японы Рисако Кавайд 2:6-гаар ялагдсан ч өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагах барилдаан хийсэн юм. Дагах барилдаанд оюутны дэлхийн аварга Канадын Линда Мораисыг цэвэр дарж, хүрэл медалийн төлөөх барилдаанд “Москва-2010” ДАШТ-ний хүрэл медальт, Европын хошой аварга Шведийн Йоханна Матссонд 3:8-аар ялагдлаа.

Энэ өдөр 48 кг-д ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл 18, 53 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 12, 69 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа долдугаар байр эзэллээ. Нэг алт, дөрвөн шагналт байртай Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр 25 оноогоор дөрөвдүгээр байрт орж, ирэх оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ авлаа. Багийн дүнгээр Японы эмэгтэй бөхчүүд 60 оноогоор тэргүүлж, Беларусь, АНУ тус бүр 32 оноогоор удаалсан байна.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН : 48 кг (27 бөх) : 

1. Юи Сусаки (Япон)

2. Эмилия Вук (Румын)

3. Ким Ян Сон (БНАСАУ), Эвин Демирхан (Турция)

53 кг (25) : 

1. Ванесса Калазинская (Беларусь)

2.Маю Мүкаида (Япон)

3. Мария Преволораки (Грек), Роксана Засина (Польш)

60 кг (23) : 

1. Рисако Каваи (Япон)

2. Элисон Реган (АНУ)

3. Йоханна Матссон (Швед), Анастасия Григорьева (Латви)

69 кг (17) : 

1. Сара Дошо (Япон)

2. Алине Фокен (Герман)

3. Кумба Ларок (Франц), Юэ Хан (БНХАУ)

О.ДАШНЯМ