МҮСБХ-ноос зохион байгуулж буй 21 аймгийн “Үндэсний лиг”ийн тэмцээний аваргын төлөө Сүхбаатар аймгийн “Сүхбаатар Альянс Тех”, Архангай аймгийн “Архангай-Алтан Дорнодын дайчид” багууд шалгарч үлдээд байгаа билээ. Аваргын төлөөх цувралын хоёрдах тоглолт өчигдөр Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд боллоо.

Эхний тулаанд Сүхбаатар хожсон. Тиймээс Дайчид дахин хожигдвол улам хүнд байдалд орох байсан юм. Тоглолтын эхнээс “Алтан Дорнодын дайчид”-ын хамгаалалт сайн ажиллаж байлаа. Улмаар эхний хагаст 36:38-аар “Дайчид” хоёр онооны илүүгээр дуусгав.

Гуравдугаар үеийн эхэнд “Сүхбаатар Альянс Тех” ээлж дараалласан бөмбөг алдаж, улмаар Архангайчууд довтолгоогоо төгс гүйцэтгэж, 10 орчим онооны тэргүүллийг авсан. Тэд давамгайллаа хадгалсаар шийдвэрлэх дөрөвдүгээр үеийг эхлүүлсэн юм.

Дөрөвдүгээр үед Сүхбаатар бүтэн талбайн хамгаалалт авч, өрсөлдөгчөө сандаргаж байлаа. Гэвч хүчирхэг бүрэлдэхүүнтэй Архангай хамгаалалтыг хэрхэн сэтлэх учраа хялбархан олсон юм. Ийнхүү “Архангай-Алтан Дорнодын дайчид” өрсөлдөгчөө 96:86-гаар буулган авч, цувралыг 1-1 болгон тэнцүүллээ.

Тус тоглолтод Роберт Тюрнер 30 оноо, 8 самбар авч багаа ялалтад хөтөлсөн юм. Мөн О.Энхбаатар 16, Маркус Хэммондс 16, Ким Чол Мён 13 оноо авчээ.

Сүхбаатараас Э.Дөлгөөн 25 оноо, 13 самбар, Карл Блэйр 20 оноо, 10 оновчтой дамжуулалт өгсөн ч 11 бөмбөг алдалт хийсэн юм. Б.Батзолбоо 14 оноо, 12 самбар авсан байна.

 

 

О.ДАШНЯМ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу