Монгол Улсын гавъяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчид болон Олон улсын хэмжээний мастеруудын халз барилдаан “АСА” циркэд боллоо.

Тус барилдаанд Хөдөлмөр баатар, Гавъяат тамирчдын багийнхан Олон улсын хэмжээний мастеруудын багийг 5:2-оор ялсан юм. Дэлхийн аварга Г.Болдбаатар, Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, олимпийн алт, мөнгөн медаль Н.Түвшинбаяр, Дэлхийн аварга М.Уранцэцэг нар өрсөлдөгчөө ялсан бол Олон улсын хэмжээний мастеруудын багаас Б.Ганхайч, О.Ууганбаатар нар ялалт байгуулсан юм.

Тус халз барилдаанд ялсан баг 40 сая төгрөгийн шагнал хүртсэн бол мастеруудын баг 10 сая төгрөгийн урамшуулал гардсан байна.

1. Эрэгтэй. 66 кг Г.Болдбаатар /ялсан/– Д.Төмөрхүлэг

2. Эмэгтэй. 63 кг Ц.Мөнхзаяа – Б.Ганхайч /ялсан/

3. Эрэгтэй. 60 кг Д.Амартүвшин /ялсан/ – Ж.Амарболд

4. Эрэгтэй. 81 кг Х.Цагаанбаатар – О.Ууганбаатар /ялсан/

5. Эмэгтэй. 57 кг Д.Сумъяа /ялсан/ – Л.Энхрийлэн

6. Эрэгтэй. +100 кг Н.Түвшинбаяр /ялсан/– Ө.Дүүрэнбаяр

7. Эмэгтэй. -48 кг М.Уранцэцэг /ялсан/ – Г.Отгонцэцэг

Халз барилдааны үеэр Монголын жудо бөхийн шигшээ багий тамирчид болон Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирж зодог тайлж буй МУГТ Д.Цэрэнхандад хүндэтгэл үзүүлж шагнал, дурсгалын зүйлс гардуулсан.

Мөн Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Н.Түвшинбаяр, МУГТ Д.Сумъяа нарын жудоги (өмсгөл)-ийг дуудлага худалдаагаар зарсан бөгөөд Н.Түвшинбаяр аваргын жудогийн өмсгөл 8 сая төгрөгийн үнэд хүрсэн юм. Энэхүү дуудлага худалдаанаас олсон ашгийн тодорхой хувийг тэргэнцэртэй иргэдийн холбоонд хандивлах юм байна.

О.ДАШНЯМ