Шатрын сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсын Сардина аралд дөрөвдүгээр сарын 21-ээс 30-ны өдрүүдэд болж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас есөн тамирчин оролцож нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээний 2300 хүртэлх чансаатай тамирчдын эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын аварга, дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер Баяржаргалын Баярмаа есөн өргөөс дөрвөн оноо авч алтан медаль зүүжээ. Тэрээр тэмцээний сүүлийн өрөгт Оман улсын их мастер Амер Сайд Салимыг хожсон юм. Мөн 2300 хүртэлх чансаатай шатарчдын эрэгтэйчүүдийн ангилалд дэлхийн шатрын холбооны мастер Мягмарсүрэнгийн Гүнбаяр 6.5 оноо авч хүрэл медалийн болзол хангажээ.

Харин 1700 хүртэлх чансаатай шатарчдын эмэгтэйчүүдийн ангилалд Батнасангийн Халиун мөнгөн медаль зүүсэн байна.

Үүнээс гадна 2000 хүртэлх чансаатай эмэгтэйчүүдийн ангилалд Энхбаярын Амаржаргал амжилттай тоглож хүрэл медаль хүртэж дэлхийн шатрын холбооны дэд эмэгтэй мастер цолны болзол хангажээ. Мөн энэ өдрүүдэд Албани улсын Дуррис хотод зохиогдсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол Улсаас 29 шатарчин оролцжээ.

Тэмцээний 13 хүртэлх насны охидын ангилалд Даваахүүгийн Мөнхзул түрүүлж дэлхийн хошой алтан медаль хүртсэн байна. Тэрээр энэ амжилтаараа Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер цолны болзол хангажээ.

Мөн 11 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Чингэлтэй дүүргийн “Цэцэн нүүдэл” клубийн тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер Л.Очирбат түрүүлж алтан медаль, ес хүртэлх насны охидын ангилалд “Төгс нүүдэл” клубийн тамирчин Х.Есүгэн хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

 

Д.НЯМАА