Бөхийн жүдо барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны Баку хотод болж өндөрлөлөө.

Орон орны шилдэг тамирчид чуулсан Бакугийн дэвжээнээс   Монгол Улсын үндэсний шигшээ багийн жүдочид гурван хүрэл медаль зүүсэн амжилт үзүүлэв. Эмэгтэйчүүдийн 57кг-д хүч үзсэн хөдөлмөрийн баатар Д.Сумьяа хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглосон олон улсын хэмжээний мастер Лхагвасүрэнгийн Отгонбаатар дэлхийн аварга Арон Волфийг хожиж хүрэл медалийн тавцанд зогссон билээ. Тэмцээний сүүлийн өдөр үнэмлэхгүй жинд залуучуудын дэлхийн аварга Өлзийбаярын Дүүрэнбаяр барилдаж олимп, дэлхийн аварга   Лукас Краплекийг ялж мөн л хүрэл медаль зүүсэн.

Энэ амжилтуудаар  Монгол Улсын шигшээ баг 14 дүгээрт жагслаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс жүдо бөхийн эх орон Японы тамирчид долоон алтан медаль хүртэж тэргүүлсэн бол БНСУ-ын тамирчид хоёр алтан медаль зүүж удаалжээ.

О.ДАШ