Японы мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн Кюүшюү башёгийн 15 дахь өдөр 22 настай Такакейшёо Нишигикиг давснаар 13 даваа хоёр унаатай анх удаа Макүүчи буюу дээд зиндаанд түрүүлж Японы Эзэн хааны цом хүртлээ.

Тэрбээр 14 дэх өдрийн барилдаанд Озэки Такаясү-д унаснаар хоёулаа 12 даваа, 2 унаатай болоод байсан юм. Харин энэ өдөр Озэки Такаясү, Сэкиваке Митакэүмэ-д унаснаар 12 даваа 3 унаатай болсноор Такакейшёотой нэмэлт барилдаан хийх боломжоо алдсан юм. Точиношин, Шохозан нарын барилдаан тун ширүүн болж, Точиношин унаснаар 8-7 гэсэн даваа унаатай, харин Шохозан 11-4 гэсэн даваа, унаатай болов.

Тамаваши Д.Мөнх-Оргил энэ өдөр өрсөлдөгчдөө унаснаар 11 даваа, 4 унаатай башёг дуусгасан бол Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров өнөөдөр өрсөлдөгчдөө унаснаар 6-9 гэсэн даваа, унаатайгаар Кюүшюү башёг өндөрлүүллээ.

Энэ жилийн зургаан башёд хамгийн олон буюу 58 даваа аваад байгаа Озэки Точиношин тэргүүлж байгаа бол 56 даваатай Озэки Такаясү, 53 даваатай Сэкиваке Митакэүмэ нар удаалж байна.

 

О.ДАШ