Олон улсын шайбтай хоккейн холбооны албан ёсны тэмцээн болох 20 хүртэлх насны Азийн Challenge Cup тэмцээн Малайзад арван хоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд боллоо.

Куала-Лумпур хотод зохиогдсон олон улсын шайбтай хоккейн холбооны албан ёсны тэмцээн болох 20 хүртэлх насны Азийн “Challenge Cup” тэмцээнээс Монголын баг мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээний аваргаар Тайландын баг шалгарсан бол Индонезийн залуус хүрэл медалийн тавцанд зогсжээ.

Монголын залуучуудын шигшээ баг эхний тоглолтод Тайландад 14:1-ээр хожигдсон ч Кувейтийн шигшээ багийг 9:2-оор ялсан юм. Улмаар хэсгийн сүүлийн тоглолтоо Индонезитой хийж, 3:1-ээр ялалт байгуулснаар Азийн “Challenge Cup” тэмцээний дэд аваргаар шалгарсан.

Тайландын баг гурван хожилтой, есөн оноогоор тэргүүлсэн бол Монголын баг зургаан оноогоор удаалж, Индонез нэг хожилтойгоор гуравдугаар байрт бичигдэв. Харин Кувейтийн баг нэг ч хожил авч чадаагүй байна.

 

О.ДАШ