БНХАУ-ын Гуанжоу хотод олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг чансааны 16-д багтсан жүдочид өрсөлддөг Мастерс тэмцээн үргэлжилж байна.

Чансааг тэргүүлж буй шилдэг жүдочид урилгаар өрсөлддөг тус тэмцээнд энэ жил 53 орны 231 жүдоч Гуанжоугийн татамид өрсөлдөж байгаа юм. Монголоос эрэгтэй ес, эмэгтэй гурван бөх хүч үзэж байна.  Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд явагдсан.

60 кг-ийн жинд хүч үзсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт гавьяат тамирчин Д.Амартүвшин, олон улсын хэмжээний мастер  Д.Алтансүх нар хүрэл медаль хүртэв. Гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, ОХУ-ын Алберт Огузовыг ялсан ч Гүржийн бөх Амиран Папинашвилид ялагдсан. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын Такабатакег ялсан юм.

66 кг-д Д.Алтансүх эхний тойрогт хийлж, Казахстаны Ерлан Серикжановыг ялж, шөвгийн наймд үлдсэн ч Бразилын Даниел Рагнинд дийлдсэн. Д.Алтансүх Словак, Казахстаны бөхчүүдийг дараалан ялж, медаль зүүлээ. 

Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар тавдугаар байрт, эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар долдугаар байрт тус тус шалгарав.

Харин Г.Болдбаатар, Д.Цогтбаатар нар эхний даваанд бүдэрлээ.

 

О.ДАШ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу