Австралийн нээлттэй тэмцээнд Серена Уйльмс, Мария Шарапова, Ангелик Кербер, дэлхийн 1 номерийг эзэмшигч Симона Халеп нар янз бүрийн шалтгааны улмаас зодоглож чадаагүй. Мэдээж Чехийн Квитова, Японы Наоми Осаку нар оролцохоо илэрхийлсэн байсан. Гэсэн хэдий ч Наомиг түрүүлчихнэ гэж бодсон нь цөөн. Тэрбээр 7:5, 5:7, 6:4-ээр Квитоваг буулган цом өргөлөө. Өмнө нь 9-р сард USA-open тэмцээний финалд Серена Уйльмсыг буулган авч сенсаац тарьж, анхны их дуулгын эзэн болсон япон охин энэ удаа ч сөхрөшгүй байж чадлаа.

Эхний сет 6:6. Tiebreak буюу алдах, алдуулах бүрт оноо олгодог системд Наоми илүүрхсэн.

Хоёр дахь сетэд Наоми 5:3 -аар хожиж яваад тайвширснаас болж сетээ алдсан. Харин шовхоо үзэх 3 дахь сетэд Наоми алдаа үл гаргасан. Тэр эхнээсээ бий болгож чадсан давуу талаа хожил болгосон. Ийнхүү 4-д бичигдэж байсан Наоми дэлхийн чансааг тэргүүлэх болов.

Сүүлчийн давуулалтыг нь Квитова баруун талаасаа довтлох гэж оролдохдоо бөмбөгийг гадагш нь цохилоо. Энэ бол Наомид цом авчирсан цохилт байв. Япон охин сэтгэл хөөрлөө барьж, доош суусан нь энэ. Түүний хоёрдахь их дуулгын цом.

Н.САЙНБИЛЭГ