Европын хөлбөмбөгийн өвлийн солилцооны цонх хаагдлаа. Энэ улирлын солилцооны цонхоор том наймаа төдийлөн хийгдсэнгүй. 

Английн Арсенал клуб Барселона клубээс 25 настай Испанийн хагас хамгаалагч Д.Суарезыг зээлээр аваад байна. Д.Суарез улирал дуустал Арсенал клубт тоглох бөгөөд энэ улирлыг Барселона клубын хамтаар эхлүүлсэн ч ердөө хоёр тоглолтод л оролцсон юм.

Испанийн Атлетико Мадрид клубээс Английн Волверхэмптон Уондерерс клубт зээлээр тоглож байсан Йонатан Английн клубт албан ёсоор нэгдээд байна. Чононууд  Испани тоглогчийн төлөө 18 сая фаундыг төлжээ.

Английн шигшээ багийн довтлогч асан 38 настай ахмад довтлогч Петр Крауч Бөрнли клубтэй улирал дуустал зээлээр гэрээ байгуулж премьер лигт эргэн ирлээ. Тэрээр Стоук Сити клубын хамтаар доод лигт тоглож байсан.

Английн Ливерпүүл клубын Серби хагас хамгаалагч Лазар Маркович Фулхэм клубтэй нэгджээ. Серби довтлогч 2015 оноос хойш Фенербахче, Спортинг, Халл Сити болон Андерлехт клубуудэд зээлээр тоглож байсан.

Турк улсын Бешикташ клуб Германы Боруссиа Дортмунд клубээс Япон хагас хамгаалагч Ш.Кагаваг энэ улирлыг дуустал зээлээр авчээ. Европ дахь карьераа Боруссиа Дортмунд клубээс эхлүүлж байсан Ш.Кагава энэ улиралд ердөө хоёр тоглолтод оролцсон бөгөөд сүүлийн үед клуб дэх байр суурь нь тийм ч баттай бус болоод байсан.

Бельги хагас хамгаалагч Ю.Тилеманс Монако клубээс Английн Лейстер Сити клуб руу улирлын сүүлийн хагасыг өнгөрүүлэхээр ирлээ.

Кристал Палас клуб Челси клубээс Бельги довтлогч М.Бачуайг зээлээр авлаа. Ингэснээр М.Бачуай бас дахиад зээлээр явж байна. Бельги довтлогч 2016 онд Челси клубтэй нэгдсэнээс хойш ийнхүү 3 дахь клубдээ зээлээр ирж байна.

О.ДАШ