Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг өнөө шөнийн тоглолт ихээхэн татаж байна. 

Манчестер Юнайтед талбай дээрээ Францын аварга Парис Сан Жермегийг хүлээн авна. Зургаан долоон хоногийн өмнө Манчестер Юнайтедийг Аваргуудын Лигийн шигшээ 16 багийн хамгийн сул багаар тооцож, Парис Сан Жермен багийг шигшээ 8-д үлдлээ гэж мэргэжилтнүүд санал нэгдэж байсан цаг бий. Тэгвэл Жозе Моурино халагдаж, түүний орыг залгасан Оле Гуннар багийн уур амьсгалыг өөрчилж, багийг зөв залж чадсанаар 11 тоглолтонд 10 ялалт байгуулаад буй. Тэд нэг ч хожигдол амсаагүй нь Манчестер Юнайтед хэр өөрчлөгдсөнийг илтгэнэ. 

Тэгвэл Парис Сан Жермений түлхүүр тоглогч Неймар бэртэж, эмчилгээ хийлгэхэд дор хаяж 70 хоног шаардах болсон нь Парис Сан Жерменийг хүнд байдалд орууллаа. Ингэснээр нөхцөл байдал эсрэгээр эргэж, Парис Сан Жермен биш, харин Манчестер Юнайтед дараагийн шатанд шалгарах тухай мэргэжилтнүүд хөөрч байна. Манчестер Юнайтед дор хаяж 2 бөмбөгийн зөрүүгээр хожно гэж хөлбөмбөгийн сэтгүүлчид таамаглаж, бичиж байна.

МЮ багийг 43 хувь нь хожно гэсэн таамаглалд нэгдсэн. Тэнцэх магадлал бий гэж 27 хувь нь тооцжээ.

Парис Сан Жермен багийг сүүлийн 4 жилд Аваргуудын Лигт түрүүлэх багийн нэгээр нэрлэх болсон. Ялагуяа Неймарыг тус багт очсоноос хойш илүү хүчтэй ярих болсон. Тийм үндэслэл ч байсан. Тэгвэл Неймар бэртсэнээр багийн давуу тал устсан. Тэр бол зөвхөн гоол чихэгч биш, гоолыг зохион байгуулагч. Ийм тоглогчоо алдсанаар Парис Сан Жермен нөхөж болшгүй гарзтай учирсан.

Дэлхийн аваргаас хамгийн залуу шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн М-Баппед маш их хариуцлага тохоогдсон. Тэр Неймарыг орлох ёстой. Гэтэл түүнийг гоол хийгч, төгсгөгч . Зохион байгуулагч биш гэж үзэж байна. Тэр багийн лидер байж чадах уу? гэдэг нь эргэлзээ төрүүлж буй гэнэ. Түүнээс гадна, хагас хамгаалалт, захын хамгаалалт тун суларсан нь ПСЖ багийн асуудал болсон байна.

М-Баппегийн нутаг нэгтэн Погва сэргэсэн. Тэрбээр сүүлийн 11 тоглолтонд 8 гоол оруулж, тэр хэмжээний гоолын дамжуулалтыг хийсэн. Багийн гол зохион байгуулагч болсон. Түүний чадварыг Жозе Моурино түгжсэн бол Оле Гуннар энэ түгжээг мулталж чадсан гавьяатай.

Хорхойтнуудын анхаарал татсан тоглолтыг үүрийн 04:00 цагаас үзэцгээе.

Н.САЙНБИЛЭГ