ДОЛЖИНЗУУГ ЭНЭ ЖИЛ АВАРГАЛНА ГЭЖ ХҮЛЭЭЖ БАЙЛАА

Спортын мастер Должинзууг энэ жил түрүүлнэ гэж теннисчид хүлээж байсан. Лигээр маш сайн тоглосон. Болор-Эрдэнэтэй хожил тэнцсэн ч, түүнд хожигдсон байсан тул үзүүрлэсэн. УАШТ-ний багийн тоглолтонд бүх учраагаа хожсон. Тиймээс түүнийг энэ жил аваргалж, мөнгө, хүрэл медалийнхаа өнгийг хувиргана гэж хүлээж байсан.

Шигшээ наймд төвөггүй шалгарсан Должинзуу Баянхонгор нутгийн Хонгорзултай учраа таарсан. Өөрийн тоглолтоо гаргаж чадалгүй, тоглолтын санаачлагыг өрсөлдөгчдөө олгосноор 3:1-ээр хожигдсон энэ тоглолтыг Должинзуу удаан хугацаанд мартаж чадахгүй. Энэ бол түүнээс аваргын алтан медалийг булаасан тоглолт байлаа гэж теннис сонирхогчид дүгнэлээ. Ийнхүү аварга болох хамгийн их найдварыг хүлээж байсан Должинзуу ирэх жилийг хүлээхээр боллоо.
ЭРДЭНЭСУВД ЭРГЭЖ ИРЛЭЭ

Монгол улсын аварга Эрдэнэсувд 5 жил завсарласны эцэст УАШТ-дээ зодоглолоо. Тэрбээр Мөнхнаранг буулгаж, шигшээ наймд өнгөрсөн оны аварга Болор-Эрдэнэтэй оноолт таарсан. 2:0-ээр тоглолтыг хошуучилж, 3 дахь тоглолтыг дуусгахад тун ойрхон байсан. 10:9-ээр хожиж байгаад Болор-Эрдэнэд баригдаж хожигдсоноор тоглолт эргэсэн. 2018 оны улсын аварга Болор-Эрдэнэ өрсөлдөгчийнхөө тоглолтонд дасаж, алдаагаа зассанаар гучингуравдав буюу, 3 дараалан хожиж, хагас шигшээд шалгарлаа. Энэ бол Болор-Эрдэнийн бүх хүчийг шавхсан тоглолт болов.
УЛСЫН АВАРГЫН НЭЭЛТ ХОНГОРЗУЛ

Баянхонгороос гаралтай Хонгорзул охин шигшээ наймд спортын мастер, энэ жил түрүүлэх хэмжээнд яригдаж байсан Дрлжинзууг 3:1, хагас шигшээд 3:2-оор 2018 оны улсын аварга Болор-Эрдэнийг буулган авч, дэд мастер Балжиннямтай финалдсан.
Шөвгийн 5 дахь тоглолтонд оноо 7:7 тэнцүү явсан ч, Балжиннямын хоёр ч бөмбөг ёндоодож орсноор өрсөлдөгдөөсөө 2 оноогоор дутсан. Балжиннням энэ хоёр онооны зөрүүгээ хадгалж чадсанаар аваргалав. Хонгор нутгийн охин Хонгорзул Баянхонгор аймгаас УАШТ-д финалдсан хоёр дахь тамирчнаар ийнхүү тодорлоо. 
Түүний анхны багш нь Энхбаатар, залгамжилсан багш нь улсын аварга Эрдэнэсувд, хотод шижлжиж ирснээс хойш Баярсайхан, Цэдэнбалжир нарын сургалтан дор хичээллэж, УАШТ-ээр улсын хошой аварга Содболор түүнийг дасгалжуулсан байна. Содболор ч өөрийгээ сайн дасгалжуулагч гэдгийг энэ улсын АШТ-ээр харууллаа. Тэр маш оновчтой зөвлөгөө өгч, тамирчинаа зөв залж, удирдлаа гэж холбооны удирдлагын зүгээс дүгнэлээ.
МӨН Л СУРАГЧ АВАРГАЛЛАА

Балжинням Монгол улсын хамгийн залуу аваргаар тодорч байна. Тэр дөнгөж 15 настай, сурагч. Өнгөрсөн жилээс түүний амжилт өгсөх болсон. Энэ жилийн улсын аваргаас хос алтан медаль авсан цорын ганц тамирчин. “ОЧ” клубын тамирчин тэрбээр Должинзуугийн хамт Хангарьд клубын нэрийн өмнөөс УАШТ-д оролцож багаар түрүүлсэн. Харин насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа шөвгөрч, улмаар түрүүлллээ. Тэр өнгөрсөн жил түрүүлсэн Болор-Эрдэнийн “сурагч- аварга”-ын буухиаг залгамжиллаа.
Ийнхүү Монгол улс шинэ аваргын нэрийг сонслоо. Мөнгөн медалийг мөн л “битүү морь” хүртсэн бол, өнгөрсөн жил аваргын төлөө финалдаж байсан эгч дүүс Ундрам, Болор-Эрдэнэ нар ухарч, хүрэл медаль дээр буулаа. Түрүүлсэн тамирчинг 800,000, хоёрдугаар байрыг 400,000, гуравдугаар байрыг 200,000 төгрөгөөр тус тус байлсан байна.
ХУУЧИН АВАРГУУД БУУРИА ТАВЬЖ ӨГӨХ БОЛООГҮЙ БАЙНА
Бэгз 3:0 Мөнхзориг

Улсын 3 удаагийн аварга Бэгз дэд мастер Мөнхзоригт мөн л боломж олгосонгүй. 3:0-ээр хожсоноор тэр шигшээ 4-д үлдсэн.

Билэгт 3:1 Билэгжаргал

Хошой аварга Билэгт туршлага зааж дэд мастер Билэгжаргалыг 3:1-ээр хожсон. Хэдхэн хоногийн өмнө Топ-12 тоглогчийн хагас шигшээд Билэгжаргал Билэгтийг хожсон учир Билэгт маш няхуур тоглосон. Билэгжаргалын хувьд бага зэрэг дутсан. Ирэх оны УАШТ-ийг хүлээх л боллоо.

Том Бярмагнай 3:0 Чинзориг

Хамгийн өндөр техниктэй тоглогч. Тэрбээр Чинзоригийг хожиж финалд шалгарсан. Чинзоригийн хувьд сүүлийн 6 жил шигшээ наймд шалгарч байгаа чадварлаг тоглогч. Энэ давааг давбал түүнд их боломж бий гэж теннисчид дүгнэдэг. Мөн л ирэх жилийн УАШТ-ийг хүлээх боллоо.

Лхагвасүрэн 3:0 Чулуудай

Хоёулаа солгой тоглогч. 3 жилийн өмнө Дархан уул аймагт Лхагвасүрэн түрүүлж, 4 дэх түрүүгээ авч байсан бол Чулуудай финалдаж, УАШТ-ний анхны хүрэл мелалиар энгэрээ мялааж байсан. Хоёулаа үхлийн хэсгээс гарч ирсэн. Лхагвасүрэн жижиг Баярааг нэг, хоёрдугаар сет-д 8:10-аас хоёр удаа барьж хожиж байж замаа зассан. Тэгвэл Чулуудайн хувьд улсын аварга болох хамгийн өндөр магадлал бүхий спортын мастер Эрдэнэбаярыг шигшээ 16-д 3:2-аар хожиж мулталсан. Тэрбээр тоглолтын харьцаа 2:1, дөрөв дэх сет 9:5-аар дутуу байхдаа Эрдэнэбаярыг барьж хожиж, тав дахь тоглолтыг гаргасан байдаг. Харин шөвгийн тоглолтдоо 10:5-аар илүүрхэж яваад мөн л Эрдэнэбаярт баригдаж 10:10 болсон ч, хоёр оноо дараалан авснаар хожсон байдаг. Энэ тоглолтонд тэрбээр эсэргүүцэл үзүүлж чадалгүй 3:0-ээр Лхагвасүрэнд хожигдсон. Ийнхүү өнгөрсөн жилийн дөрөв энэ жил ч финалд шалгаран үлдсэн.
Бэгз 3:1 Билэгт
Бэгз дайчин тоглолт үзүүлсэн. Тэр бүх талаараа илүүрхэж нас бол тоо гэдгийг харуулсан. Билэгтийг хожсоноор аваргын төлөө шалгаран үлдсэн.
Лхагвасүрэн 3:2 Баярмагнай
Баярмагнай тоглолтын хошуучилж эхэлсэн. 1:0, 2:0. Гэвч 3 дахь үед Лхагвасүрэн оноог 7:7 болгон тэнцүүлж улмаар эхний хожлоо авснаар тоглолтыг өөрийн талд эргүүлсэн. Дараалан 3 хожиж, Лхагвасүрэн финалд шалгарсан.
Бэгз 3:1 Лхагвасүрэн
Тоглолтыг эхнээс нь Бэгз хошуучилсан. 1:0. Хоёр дахь үеийг Лхагвасүрэн хожиж харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн. 3 дахь үеийг Бэгз хожиж 2:1-ээр тэргүүлсэн. 4 дэх үед Бэгз 6:2 Лхагвасүрэн болсон. Энэ үеэс Лхагвасүрэнгийн довтолгоо илүү оновчтой болж оноог 6:7 болгон илүү гарсан ч, төгсгөлөө хийж чадалгүй хожигдсоноор Бэгз 4 дэх түрүүгээ авлаа.

Ийнхүү Бэгз, Лхагвасүрэн нар ижил 4 түрүүтэй болов. Энэ хоёрын хэн нэг нь ирэх жилээс түрүүлбээс Т.Болд аваргын 5 түрүүлсэн дээд амжилттай зэрэгцэх юм.

-Нас бол тоо гэдгийг үзүүллээ. Теннисийг насаар нь ялгаварладаг, зөвхөн залуучууд л тоглодог, тэд л амжилт гаргадаг, нас нь 40 гарахаар теннис тэтгэвэрт гардаг гэдэг ухвар ойлголттой зарим хүн байх шиг санагддаг. Тэдэнд теннис бол тэтгэвэрт гардаггүй спорт гэдгийг харууллаа гэж бодож байна. Өнгөрсөн жил намайг түрүүлэхэд хүмүүс азаар түрүүллээ гэж харж байсан. Би дахиад ч түрүүлнэ гэдгээ тэгэхэд хэлж байсан. Хэлсэндээ хүрсэндээ баяртай байна гэж улсын 4 удаагийн аварга Бэгз хэллээ.

Багш Галбадрах маань 11 финалдаж 3 түрүүлсэн байдаг. Миний хувьд 7 удаа финалдлаа. 4 түрүүлж, 3 удаа мөнгө, нэг удаа хүрэл медаль зүүсэн байна. Энэ жилийн УАШТ-ээр финалдаж, мөнгөн медалиар багцаа нэмсэндээ сэтгэл өндөр байна. Үхлийн хэсэгт олон сайн теннисчид багтсан байсан. Шигшээ наймд сугалаагаар Эрдэнэбаяртай таарах байсан. Ийм л үхлийн хэсгээс гарч ирсэн. Жижиг Баяраа, Том Баяраа гээд л бүгд хүнд тоглолт байсан. Бэгз ахыг түрүүлсэнд баяртай байна. Тамирчин хүний амжилтанд тогтмол бэлтгэл, сэтгэл зүй ямар их нөлөөтэйг харж байна. Амжилтаараа зэрэгцлээ. Хүн бүр л чи 5 түрүүлээрэй гэх сэтгэл зүйн дарамтыг хуваалцах хүнтэй болсондоо олзуурхаж байна (инээв) гэж сэтгэгдлээсээ хуваалцлаа.

БАГИЙН АВАРГА БАГУУД

Эрэгтэйчүүдэд “Өсөх зоос”, эмэгтэйчүүдэд “Хангарьд” баг түрүүллээ. Тэмцээнийг ивээн тэтгэж, зохион байгуулсан Өвөрхангай аймгийн ТГ, БТСГ, Теннисний холбоонд теннисчидийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

Д.АРИУНБААТАР