Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, Спорт, олимпизмийн нэрт зүтгэлтэн Москва-1980 зуны 22-р олимпийн наадмын мөнгөн медальт, МУ-ын Ардын багш, Гавьяат тамирчин Цэндийн Дамдингийн нэрэмжит МУ-ын Өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод 3 өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

Монгол улсын жүдо бөхийн түүхэнд анх удаагаа олимпийн дэвжээнээс Хэнтий нутгийн унаган хүү Цэндийн Дамдин нь 1980 оны Москвагийн олимпаас анхны мөнгөн медалийг хүртэж байсан түүхтэй.

Түүний олимпоос медаль хүртсэний 40 жилийн ойн босгон дээр түүний өсөж төрсөн Их Хааны Өлгий нутагт ийнхүү Өсвөр үеийн Жүдо бөхийн тэмцээнийг 3 өдрийн турш өндөр хэмжээнд зохион байгууллаа.

Тэмцээний хүндэт зочдоор Монголын Жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, Хэнтий аймгийн Жүдо бөхийн холбооны тэргүүн Б.Одхүү, Дамдин агсны гэргий Алимаа, түүний хүү Д. Анхбаяр, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, Насантогтох зэрэг нэр хүндтэй хүмүүс оролцлоо.

Тэмцээнд 21 аймаг 9 дүүрэг, 39 клубуудын нийлсэн 39 байгууллагын тамирчид 19 жинд 372 тамирчид өрсөлдлөө.

Тэмцээнийг олон улсын зэрэглэлтэй 8, түүний дотор олимп дэлхийн зэрэглэлтэй 3 шүүгч, улсын зэрэглэлтэй 9 шүүгч, нийт 17 шүүгчид шүүн явуулсан юм.

Тэмцээний эрэгтэй багийн дүнгээр 1-р байранд Архангай аймгийн баг, 2-р байранд Өвөрхангай аймаг, 3-р байранд Алдар спорт хороо, тэмцээнд эмэгтэй багийн дүнгээр 1-р байранд Женко клуб, 2-р байранд Монголын Жүдо академи, 3-р байранд “Шинэ бадрах” дэвжээ эзэлжээ.

Шилдэг эмэгтэй тамирчнаар Хил хамгаалах Ерөнхий газрын “Хилчин спорт хороо”-ны тамирчин О.Сарантуяа, “Женко” клубын тамирчин Ө.Одончимэг, шилдэг эрэгтэй тамирчнаар Архангай аймгийн тамирчин Л.Мягмарсүрэн, Баянхонгор аймгийн тамирчин Б.Эрдэнэ-Очир, Шилдгийн шилдэг тамирчнаар Хэнтий аймгийн тамирчин Т.Түмэнжаргал нар тодорсон юм.

Холимог багийн барилдааны дүнгээр алтан медалийг Нийслэлийн ЕБСпортын төрөлжсөн сургуулийн 2-р баг, Мөнгөн медалийг Дархан-Уул аймаг, хүрэл медалийг Нийслэлийн ЕБСпортын төрөлжсөн төв сургуулийн 1-р баг, хүрэл медалийг Женко клуб тус тус хүртсэн байна.

Тэмцээнд оролцсон 372 сурагдад Хэнтий аймгийн Жүдо бөхийн холбооноос гарын бэлэг, мөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох 22 тамирчдад Хэнтий аймгийн жүдо бөхийн холбооноос өмсгөлийг гардуулан өглөө.

Энэ удаагийн тэмцээн нь зохион байгуулалт өндөр, бэлтгэл сургуулилт сайн, дэлхийн жишгээр засагдсан дэвжээн дээр тамирчид бэртэл гэмтэлгүй амжилттай уралдан хүч бяраа сорин өрсөлдлөө.

СЭТГҮҮЛЧ Ө.ОДМАА