Монгол улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх “Алтанжолоо” группын 25 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Ням гарагт болж өндөрлөлөө. Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдагва, улсын гарди Ж.Бат-Эрдэнэ нараар ахлуулсан барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь үзүүрлэлээ.

Барилдааны их шөвөгт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтох нар шалгарсан. Энэ өдрийн барилдаан эхнээсээ л өрсөлдөөнтэй явагдаж нэгийн даваа харцагуудад халтай байж улсын харцага Н.Батзаяа Завхны Д.Батбаатарт, улсын харцага Г.Алтангэрэл Архангайн Б.Батсайханд, улсын харцага Х.Гантулга Хөвсгөлийн А.Мягмаржавд тус бүр өвдөг шороодсон.

Мөн шинэ начин Д.Анар аймгийн начин И.Мандахад тахим өгсөн бол аймгийн цолтнуудын манлай хурц арслан Б.Номиндалай Увс аймгийн Б.Алтангэрэлд унасан юм. Барилдааны хоёрын даваанд улсын заан Б.Батмөнх Завханы аймгийн начин М.Амарсанаад унасан бол дөрвийн даваанд улсын харцага Ц.Сономдорж нутгийн начин Ч.Хөхчирэнгэрт хонгодуулж эсэргүүцэл багатай өвдөглөж олон дэмжигдийнхээ урмыг бага зэрэг хугалсан. Энэ өдрийн оргил барилдаан их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын хооронд өрнөж Увс аймгийн арслан Н.Батсуурь барьц сонгож давсан юм. Энэхүү барилдааны өмнөх жилийн түрүү бөх улсын арслан Э.Оюунболд, үзүүр бөх улсын арслан Э.Бүрэнтөгс нар өнөө жилийн барилдаанд хараахан зодоглосонгүй.

О.ДАШНЯМ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.